ХУУЛЬ: Ус бохирдуулсны төлбөрийн тухай шинэчлэгдсэн хуулиас

2019 оны 8 сарын 20

Arslan.mn

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулгыг хүргэж байна.

Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталсан ба хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа юм.

 

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсанаар хаягдал усан дахь бохирдлыг үе шаттай бууруулж улмаар байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах, усыг зүй зохистой дахин ашиглах, үүнд чиглэсэн техник технологийг нэвтрүүлэх, усны зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг бууруулах ач холбогдолтой. 

Хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны төлбөр ногдуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих эрхийг сав газрын захиргаанд олгохоор шинээр тусгасан нь хуулийн хэрэгжих үндсэн суурь нөхцөлийг бий болгосон. 

Хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа ба усны төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50-аас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахыг хуульчлаад байна. 

Төлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах

7.1.Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтооно:

Бохирдуулах бодис Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
доод дээд
Жинлэгдэх бодис килограмм 50 1,000
Органик бодис килограмм 50 1,000
Эрдэс бодис килограмм 20 400
Хүнд металл килограмм 500 10,000
Аюултай бохирдуулах бодис грамм 1,000 10,000

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд тус тус батлагдсан.

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/

https://www.legalinfo.mn/law/details/8684

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607016
0 эможи

Зочин
2019-08-20 13:56
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up