Нийгмийн захиалгыг биелүүлэх “галт тэрэг“ урагшилсаар..

2019 оны 7 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар гишүүд томилолт өвөртлөн явж төслийн талаар тойргийнхоо иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг сонссон. Мөн олон нийтийн саналыг албан ёсоор хүлээн авч байна. Ингэхдээ хаяг, утас болон өөрийн биеэр санал бодлоо илэрхийлэх боломжоор хангасанд олон нийт талархалтай хандаж буй. Хэрэв иргэдийн саналын 70-аас дээш хувь нь давхардвал түүнийг нэмэлт, өөрчлөлтөд тусгах зарчмыг баримталж байгаа юм. Энэ дагуу зарчмын зөрүүтэй 15 орчим саналыг төсөлд тусгахаар болоод байна. Тэгвэл одоо ямар үйл явц өрнөх вэ. Юуны түрүүнд нэгтгэсэн саналыг найман байнгын хороо, намын бүлгээр авч хэлэлцэнэ. Үүний дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх бөгөөд үүнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ батлах уу, эсвэл ард нийтээр хэлэлцүүлж батлах уу гэдэг шийдвэрийг гаргах юм байна. Хэрэв, ард нийтийн хэлэлцүүлгээр батлах шийдвэр гаргавал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр дахиад ард нийтийн санал асуулгын нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг хийнэ. Харин УИХ батална гэж шийдвэл гуравдугаар хэлэлцүүлэг зохион байгуулж гишүүдийн дөрөвний гурвын саналаар төслийг батална. Гэхдээ энэ үйл явц өрнөхөөс өмнө хамгийн чухал хэлэлцүүлэг болж, иргэд, олон нийтээс ирүүлсэн саналд үндэслэн төсөлд хэд хэдэн зүйлийг нэмж тусгахаар болсон.

ИРГЭДИЙН САНАЛЫГ ТӨСӨЛД ТУСГАВ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү төсөл гурван ч парламентын нүүр үзсэн байдаг. Ямартай ч “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах, нийгмийн захиалга бий болсон гэдэгт Ерөнхийлөгч, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага болон иргэд, олон нийт санал нэгдсэн. Тийм ч учраас “галт тэрэг” гарааны зурхайгаас хөдөлж, замынхаа дунд ирээд байна. Гэхдээ иргэд төслийн заалтуудын хувьд хэд хэдэн зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тодруулбал, шүүх засаглал, орон нутгийн удирдлагын тогтолцоо, УИХ-ын гишүүдийн хариуцлагатай холбоотой асуудал юм. УИХ шүүх эрх мэдэлд оролцох нь гэж олон нийт хардаж буй нь шүүгчдэд итгэл алдарсны илэрхийлэл гэж болно. Иймд шүүхийн бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн итгэх итгэлийг дээшлүүлэхтэй холбоотой зохих заалтуудыг оруулжээ. Гэхдээ шүүх засаглалын тухай таагүй яриа хөндөгдөж буй энэ үед тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хандаж, өөрчилж болохгүй.

Монгол Улсад цаашид шударга ёс хэрхэн тогтох вэ гэдэг асуудал бий. Тийм учраас шүүгч нарыг сонгодог, шүүгч нарт хариуцлага тооцдог байгууллагыг тус тусад нь байгуулах талаар хөндөж байгаагаа ажлын хэсгийнхэн хэллээ. Дараагийнх нь УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах явдал юм. Нийгмийн захиалга, өнгөрсөн болон одоо, ирээдүйд үүсэх нөхцөл байдлаас улбаалан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг оруулж өгсөн. УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил үйлчилгээ эрхэлж болохгүй, УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтоож эргүүлэн татах ёстой гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх заалтыг оруулж өгч байгаа.

Мөн төрийн жинхэнэ албан хаагч мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчмыг хангасан байх ёстой. Учир нь, “Төрийн албан хаагчдыг хэт дархаллаа” гэж шүүмжилдэг учраас чадахуйн зарчмыг баримтлахаар болсон байна. Үүнээс гадна олон нийтийн анхааралд байсан заалт бол байгалийн баялагтай холбоотой төслийн хэсэг.

Олон нийт, иргэд болон улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудаас ирүүлсэн саналд үндэслэн байгалийн баялаг төрийн өмч гэсэн одоогийн заалтыг хэвээр үлдээхийн сацуу “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах одоо болон ирээдүйд аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах зорилгоор Баялгийн сан байгуулж иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх ашиг, хууль ёсны эрхийг нь хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” гэж тодотгосон заалтыг нэмж тусгахаар болсон байна.

Эдгээрээс гадна нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой санал нэлээд олон иргэн, нам, иргэний нийгмийн байгууллагаас гарчээ. Үүнтэй холбогдуулан улсын болон орон нутгийн харьяалалтай хот тосгоныг өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг, хот тосгон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, эрх хэмжээг хуулиар тогтоох, зарим эрх хэмжээг олгох санал оруулсан байна. Иргэдийн 85-90 хувиар дэмжсэн санал бол сумын иргэд өөрсдөө Засаг даргаа сонгох бөгөөд энэ нь дүүргийн хувьд ялгаатай байх юм. “3000 хүнтэй сум, 300 мянган хүнтэй дүүргийн асуудал өөр учраас үүнийг ялгамжтай байдпаар зохицуулах нь зүйтэй” гэж үзжээ.

“Сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга дур зоргоороо халж, солих нь түгээмэл байна гэсэн шүүмжлэл их гардаг учраас үүнийг хуулиар засч байгаа” гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарласан. Түүнчлэн аймаг, нийслэл, сум дүүргийн хурал, татварын хувь хэмжээ, өмчийн эрхийн удирдлага, төсвийн харилцааны асуудал зэрэг төвлөрлийг сааруулах, бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тодотгон хуульдаа яв цав тусгаж байгааг тодотгосон юм.

ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ДАРААЛАЛ 1992 ОНЫХТОЙ ОЙРОЛЦОО

Иргэд, олон нийт, үлс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан саналд үндэслэн дээрх байдлаар төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсанд олон нийт талархалтай хандаж байна. Гэхдээ олон нийтийн анхаарлыг татаж буй бас нэгэн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг батлах үйл явц юм. УИХ-д төсөл өргөн барих, хэлэлцэж батлах хэд хэдэн шаардлага байдаг. Юуны өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчихгүй байх ёстой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Төв банк, Шүүхийн ерөнхий зөвлөл, ХЭҮК зэрэг төрийн байгууллагаас санал авах зэргээр тодорхой шат дамжлага дамжих ёстой. Тэгвэл энэ удаагийн төслийг хэлэлцүүлэх дараалал 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулж баталсан дараалалтай ойролцоо гэж хуульчид тодотгож байна. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа 1960 оны Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиар Монгол Улсын төрийн байгуулалтад анх удаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг парламент буюу Ардын Их хурлаас сонгосон. Мөн Улсын Бага хурлыг улс орныг зах зээлд шилжүүлэх эхний алхмуудыг хийх, Үндсэн хуулийн төсөл боловсруулж Ардын Их хуралд өргөн барьж батлуулах үүрэгтэйгээр таван жилийн хугацаатай сонгосон байдаг аж. Улсын Бага хурал 1990 оны намар анхдугаар чуулганаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг Ерөнхийлөгчөөр толгойлуулан байгуулжээ. 1991 оны хавар Улсын Бага хуралд өргөн мэдүүлж хоёр удаагийн хэлэлцүүлэг хийж 6-9 дүгээр сарын хооронд ард нийтээр хэлэлцүүлэх тогтоол гаргаж байсан аж. Ингээд ард нийтийн хэлэлцүүлэг гурван сарын хугацаанд явуулж саналаа нэпггэсэн бөгөөд үүнд 900 орчим мянган иргэн оролцож, 200 гаруй мянган санал гаргаж түүнийг Улсын Бага хурлын Тамгын газар, Ардын Их хурлын ажлын хэсэг дээр нэгтгэж ангилсан байна. Ингэхдээ аль нь Засгийн газар, яамдын түвшинд, орон нутагт шийдвэрлэх боломжтой, аль нь төсөлд тусгах боломжтой санал гэдгийг ялгаж, тэдгээрийг тусгах замаар Үндсэн хуулийн төслийг дахин боловсруулжээ. Тухайн төслийг Улсын Бага хурлаар хэлэлцэж, улмаар 1991 оны аравдугаар сард Ардын Их хуралд өргөн мэдүүлснээр 70  гаруй хоног хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан түүхтэй.

АРД ТҮМНИЙ ОРОЛЦООГ БҮРЭН ХАНГАСАН

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ганцхан өдрийн дотор боловсруулчихсан зүйл биш, дээр дурдсан зарчмаар олон суурь судалгаа, иргэд сонгогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэж байж боловсруулсан гэдгийг ажлын хэсгийнхэн тодотгож байна.

МАН мөрийн хөтөлбөртөө “Ард түмнээсээ асууж байж Үндсэн хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулна” гэж тусгасан. Үүний дагуу 2016 оны сонгуулиас хойш УИХ, Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад онцгой анхаарч байгаа билээ. Тодруулбал, 2016 оны сүүлчээр Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт еөрчлөлт оруулах, эсэх талаар судлах зорилго бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулсны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 42 заалт бүхий саналыг УИХ-д хүргүүлсэн байдаг.

Энэ дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж, тодорхой санал дүгнэлт гаргахын зэрэгцээ ард түмний оролцоог хангаж 2017 оны 6-9 дүгээр сард иргэдийн саналыг авсан юм. Өнгөрсөн хугацаанд буюу 2008-2012 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гурван удаа гаргасан бол 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх оролдлогыг долоон удаа хийсэн ч биеллээ эс олсон. Тиймээс энэ удаад нийгмийн захиалгыг гүйцэлдүүлэх, “галт тэрэг”, барианы зурхайд хүрэхийн төлөө ийн урагшилсаар байна.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605576
0 эможи

keyboard_arrow_up