ҮАБЗ-д найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлнэ
Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 17 шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэсэн талаараа бид өмнө мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын таван гишүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардахаар болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Нямбаатар тэргүүтэй таван гишүүн найман шүүгчийг шүүгчийн ёс зүйг уландаа гишгэж, шүүхийн хараат бус байдлыг устгасан хэмээн үзэж байгаа аж.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн найман шүүгчид:
- Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
- Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
- Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
- Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
- Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтаад байна.