ЧУУЛГАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг 98.4 хувиар дэмжлээ
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжлээ. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжсэнээр хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Уг төслийг чуулганаар өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу энэ 14-нд хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуух явцад ажлын цаг дуусч, түр хойшлуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж дууссаны дараа хуулийн төслийн талаар Үндсэн хуулийн цэц, Засгийн газраас ирүүлсэн санал тус бүрийг уншиж танилцууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дууслаа.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулсан билээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|