ТБХ: Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ

2019 оны 6 сарын 12

Arslan.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Уг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Ерөнхий сайдын 2018 оны 06 дугаар сарын 22-ны 123 дугаар захирамжийг үндэслэн байгуулаад байна. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу тус хэлэлцээрийг Улсын Их Хурлаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр соёрхон батлуулсан. Төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3 дугаар зүйлд заасны дагуу “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II” төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлж өгнө үү гэж байлаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ импортоор оруулж ирэх 16 машины гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг нь төлөөд, онцгой албан татвараас чөлөөлж байгаа эсэхийг тодруулав.

Импортоор оруулж ирэх машинууд нь гадаадын тусламжийн хүрээнд олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа. Харин онцгой албан татварыг Засгийн газар хариуцна гэсэн заалттай байдаг. Үүний дагуу Онцгой албан татварын тухай хуулийн төслийг тусад нь боловсруулж, өргөн барьж байна гэж Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү хариулсан. Ингээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг  хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Үндэсний аудитын газраас 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Байнгын хороонд ирүүлсэн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов.

Энэ талаар  Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. Тус газар 2018 оныг төрийн аудитын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх жил болгон зарлажээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хугацаанд найман зорилтыг дэвшүүлэн ажилласан байна.

Тэрбээр мэдээлэлдээ, Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн 3806, гүйцэтгэлийн 201, нийцлийн 97, нийт 4104 аудит хийж гүйцэтгэсэн нь 2017 онд хийсэн аудитаас 548-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төрийн аудитын байгууллагаас 2018 онд 57.4 тэрбум төгрөгийн акт тогтоож, тайлант онд тогтоосон болон өмнөх оны үлдэгдлээс 28.2 тэрбум төгрөгийн актыг барагдуулж, 13.8 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Мөн 2,202.7 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгч, тайлант онд тогтоосон болон өмнөх оны үлдэгдлээс 592.3 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгаж, 1.4 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт орууллаа. 2018 онд нийт 9083 зөвлөмж өгсний 37.0 хувийг хууль тогтоомжийн хэрэгжилт, 31.2 хувийг бүртгэл, тайлагнал, 10.6 хувийг арвилан хэмнэх, үр ашиг, үр нөлөөг сайжруулах, 13.4 хувийг дотоод хяналтыг сайжруулахтай, 7,6 хувийг бусад асуудлаар өгсөн зөвлөмж эзэлж байгаа бөгөөд нийт өгсөн зөвлөмжийн 81.1 хувийг 2018 онд хэрэгжүүлсэн. Төрийн аудитын байгууллага тайлант хугацаанд гүйцэтгэсэн нийт аудитын хүрээнд 821.7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг харилцагч байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлжээ. Ингэснээр төрийн аудитын байгууллагын 2018 оны нэг төгрөгт ногдох үр өгөөж 72.1 төгрөг болсон. Зөрчил гаргасан 717 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 75 албан тушаалтны асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж байлаа.

Мөн санхүүгийн тайлангийн аудитаар 3806 байгууллагад өгсөн санал, дүгнэлтийн 3293 буюу 86.5 хувийг зөрчилгүй, 459 буюу 12.1 хувийг хязгаарлалттай, 27 буюу 0.7 хувийг сөрөг санал, дүгнэлт эзэлж, 27 буюу 0.7 хувьд нь дүгнэлт гаргахаас татгалзсан нь өнгөрсөн онтой харьцуулахад зөрчилгүй санал, дүгнэлтийн хувь 3.1 пунктээр буурч, хязгаарлалттай санал дүгнэлтийн хувь 2.8, санал, дүгнэлт өгөхөөс татгалзсан санал, дүгнэлтийн хувь 0.2 пунктээр тус тус өссөн байна. Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитаар нийт 14,006.8 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээс 12,109.9 тэрбум төгрөгийн зөрчлийг санхүүгийн тайланд залруулан тусгуулсан бөгөөд өнгөрсөн оноос илрүүлсэн алдаа, зөрчил 5,896.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гүйцэтгэлийн аудитын тайлангаар 2018 онд баталсан аудитын сэдэв, төлөвлөгөөний хүрээнд 184 аудитыг төлөвлөсөн боловч гүйцэтгэлээр 201 аудитыг 6189 (давхардсан тоогоор) байгууллагыг хамруулан хийсэн. Төрийн аудитын байгууллага гүйцэтгэлийн аудитаар нийт 4,191.5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээс 11.8 тэрбум төгрөгийн зөрчлийг залруулсан бөгөөд өнгөрсөн оноос илрүүлсэн алдаа, зөрчил 1,545.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийцлийн аудитын тайлангаар Төрийн аудитын байгууллага 2018 онд баталсан аудитын сэдэв, төлөвлөгөөний хүрээнд 97 нийцлийн аудитыг төлөвлөн 8737 (давхардсан тоогоор) байгууллагыг хамруулан хийсэн. Төрийн аудитын байгууллага нийцлийн аудитаар нийт 633.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээс 40.3 тэрбум төгрөгийн зөрчлийг залруулсан байна гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат тайландаа онцоллоо.

Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Д.Оюунхорол нарын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр суриа илэрхийлсэн.   Гишүүдийн зүгээс АСЕМ-ыг зохион байгуулсан  үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтын дүнг тодруулахын зэрэгцээ Үндэсний аудитын газар нь мэргэжлийн байгууллагын хувьд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд (Дубайн гэрээ) хийсэн аудитын тайлангийн талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай гэж байлаа. Мөн төрийн нүд, чих болсон тус газрын орон тоог нэмэх, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу илүү цагийн цалинг нь тооцох, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, аудитыг цахимаар хийх зэрэг асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай  зэрэг саналуудыг хэлж байв.

Ази Европын дээд түвшний уулзалт зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд аудит хийгээд холбогдох байгууллагуудад хандсан. Нийтдээ 46 байгууллага, 26 хуулийн этгээдийг хамруулан шалгасан. Үүнээс 79,2 тэрбум төгрөгийн хамааралтай 17 албан тушаалтныг нотлох баримтын хамт Авлигатай тэмцэх газар шилжүүлэн, шалгуулж байна гэдгийг Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат хариултдаа онцоллоо гэж УИХын Хэвлэл мэдээлэлолон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604700
0 эможи

keyboard_arrow_up