ТББХ: Улс төрийн албан тушаалтан МЭДЭЭ, НЭВТРҮҮЛЭГ ивээн тэтгэхийг хориглоно

2019 оны 6 сарын 12

Arslan.mn

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөлд, төрийн албан хаагч, улс төрийн нам, эвслийн ажилтан мэдээ, нэвтрүүлэг ивээн тэтгэхийг хориглохоор зохицуулжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр тус хуулийн төслийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр танилцуулахдаа, Манай улсын хувьд өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа ч технологийн хөгжлөө дагаад тавигдах шаардлага өөрчлөгдөж байгааг онцолсон. 

УИХ-аас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан ч, уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулах, ажиллах зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэсэн. Гэтэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх бүхий 84 телевиз, радио нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Улаанбаатар хотод 29, орон нутагт 66, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотод 77, орон нутагт 8, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч буюу кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 16, хиймэл дагуулаар олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч Улаанбаатар хотод 1, орон нутагт 50 байна. Эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа болон хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан хэрэгцээ, шаардлагыг харгалзан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндэс тодорхой болж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хараат бус, бие даасан радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлийн шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэхийг дурдлаа. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх нөхцөл, журам хуульчлагдаж, хөрөнгө оруулах эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн  радио, телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна. Өргөн нэвтрүүлгийн зах зээл дээр хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам тодорхой болж, өргөн нэвтрүүлгийн салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах боломж нэмэгдэж, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, удирдлагын багтай холбогдох мэдээлэл олон нийтэд ил тод болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, О.Содбилэг нар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ажлын багаас асуулт асууж тодруулсан.  Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү, Я.Содбаатар, Д.Лүндээжанцан нар үг хэлж хуулийн төслийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл Байнгын хорооноос ажлын баг байгуулж тал талын төлөөллийг оролцуулж нухацтай хэлэлцэх шаардлагатайг онцолсон. Мөн монгол контентыг дэмжих, хэрэглэгчдэд дарамт учруулахгүйгээр асуудлыг зохицуулж шийдэхэд анхаарах, тэрчлэн хуулийн төслийн нэр томьёо, бичиглэл, гадаад үг хэллэгийг эргэж харах шаардлагатайг хэлж байв. Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604671
0 эможи

ТББХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up