Г.Тэмүүлэн: Яагаад улстөрчид өөрсдөдөө тааруулж, хуулийг өөрчилдөг юм бэ!?
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн байр суурийг сонсов.
Тэрбээр "Улс нэг тойрог байх санал дэвшүүлсэн. Эцсийн байдлаар ярилцаагүй байна. Зарчмын хувьд яагаад улстөрчид өөрсдөдөө тааруулж, хуулийг өөрчилдөг юм бэ!? Улстөрчид өөрсдөдөө нийцүүлж, хуулийг өөрчилж болохгүй. Ард түмэнд, төрд тааруулж, хуулийг өөрчлөх ёстой. Сонгогчдын хувьд ч эрх ашиг нь зөрчигдөх эрсдэлтэй байна. Нэг намыг дугуйлах юм уу, нэг нэр дэвшигчийг дугуйлах юм уу?
Арван нам сонгуульд оролцлоо гэхэд 760 нэр дэвшигч болох нь. Нэг нэр дэвшигчийг дугуйл гэх юм бол сонгогч нэг хүнээ хайж, цаг хугацаа алдах нь. Нэр дэвшигчдийн хувьд 76 тойрог дээр хүрч очиж өөрийгөө сурталчилж, таниулж чадах уу? Зардал мөнгө нь хэр байх вэ гээд олон асуудал байна." гэв.