“Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэвэл эндүүрэл”

2019 оны 6 сарын 07

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар нэлээд олон асуудлыг хэлэлцлээ.  Ялангуяа зуны дунд цагаан морин сарын шинийн 3-ны өдрийг тохиолдуулан МАН Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө өргөн барив. Энэхүү өөрчлөлт шударга ёс, хариуцлага, тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа гэдгийг Ажлын хэсгийнхэн тодотгосон. Түүний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж, гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Цэцийн гишүүний томилгоотой холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр Г.Баясгаланд хэлэх үг байсангүй, харин одоогийн Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Сүүлийн үед Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулийг ноцтой зөрчдөг болсон. Улстөрийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон. Үндсэн хуулийн цэц өөрсдийнхөө санаанд нийцсэн зүйлийг авч хэлэлцдэг, санаанд нийцээгүйгээ хав дардаг болсон. Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл, Үндсэн хуулийн манаач гэдэг ойлголт нь бүр холдсон. Хамгийн сүүлд нөхөн сонгуультай холбоотой гаргасан шийдвэр нь  үүнийг нотолж байна. Ийм Үндсэн хуулийн цэц Монголд орших ёсгүй. Үндсэн хуулийн цэцийн Д.Одбаяр тэргүүтэй нөхдүүдийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай. Үндсэн хуулийн цэц ингэж Монголын төрөөр тоглож болохгүй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татдаг хуулийн зохицуулалт бий. Үндсэн хуулийн цэц өргөдөл дардаг болж хувирсан гэдгийг би өмнө нь хэлж байсан. Дарсан олон өргөдөл бий. Үндсэн хуулийн цэц өөрийн санал нийлж байгаа өргөдөл, гомдлыг хэлэлцээд эсрэгээрээ санал нийлэхгүй асуудалд гар дүрэхгүй, алсаас хараад сууж байдаг газар байж болохгүй. Үндсэн хуулийн цэц ирсэн маргаан бүрийг цаг тухайд нь шийддэг байх ёстой. Гэтэл ойлгомжгүй байдлаар ажилладаг болсон. Өөрсдийнх нь дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага уг нь нэр хүндтэй, анхаарлын төвд байдаг том байгууллага. Гэтэл сүүлийн үед Үндсэн хуулийн цэцээс гаргаж байгаа шийдвэрүүд  Үндсэн хуулийн цэцийн нэр хүндийг унагаалаа. Сүүлд нөхөн сонгуулийн талаар гаргасан шийдвэр нь гээд өмнө нь Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуультай холбоотой гомдол Үндсэн хуулийн цэцэд ирсээр байтал өнөөг хүртэл хэлэлцээгүй. Үүнээс харахад Үндсэн хуулийн цэц хэн нэгэн албан тушаалтны захиалгаар ажилладаг болсон гэдэг нь шууд харагдаж байна гэлээ.

Түүнчлэн УИХ-ын чуулганаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.  Уг хуулийн төсөл ийн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дараах боломжууд нээгдэж байна.  Тухайлбал,

-Жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН нэгж “бичил” гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг, -250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох юм.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604473
0 эможи

keyboard_arrow_up