ЧУУЛГАН: Цэцийн гишүүний томилгоогоор чуулганы хуралдаан үргэлжилж байна
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Уг саналыг Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаан болон өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн тул өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй.
Тус томилгоотой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлэж байна. Тус төсөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх дэгийг тодорхой болгоход чиглэсэн юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5-63.5 хувь дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/ нэгдсэн хуралдаан 10цаг 20 минутад эхэлж чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
ШУУД ҮЗЭХ: