Д.Оюунхорол: Хугацаа хэтэрсэн зээлтэй иргэн Итгэлийн зээл авах боломжгүй
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад удаагүй байна. Ямар гол өөрчлөлтүүдийг ярьж байна вэ?
-УИХ-ын даргын захирамжаар уг асуудалд ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтарч ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гэр бүлийн тухай хууль гэдэг суурь хуулиудын нэг. Гэр бүл гэдэг хөгжлийн анхдагч нь байж, гэр бүлийнхээ хөгжлийг дэмжсэнээр цаашдаа улс орныг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулдаг шүү дээ. Энэ хуулиар нэлээдгүй олон өөрчлөлтүүдийг хийнэ. Өнөөдөр Монгол Улсад 12 орчим хэлбэрийн гэр бүлүүд шинээр бий болсон байна. Үүнийг нэлээд дэлгэрэнгүй байдлаар авч үзэж хуульчлах шаардлага тулгарчээ. Тухайлбал, анх удаа гэрлэж байгаа хүмүүс, хоёр дахь удаа гэрлэж байгаа хүмүүс, архины хамааралтай гэр бүл гэх мэт олон төрлийн шинэ гэр бүл, хамтран амьдрагчид бий болсон байна. Өдгөө нийгмийн шаардлагаараа гэр бүлийн хэв маяг шинжүүд их өөрчлөгдсөн. Мөн энэ удаагийн Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн хөгжлийг дэмжсэн тодорхой бодлого гаргаж тавих нь зөв, үүнд чиглэсэн бодлогыг бид хэзээ ч явуулж байгаагүй. Тиймээс гэр бүлийн задрал явагдаж, гэр бүл салалт ихэсч байгаа энэ нийгмийн харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн бодлого, үйлчилгээг бий болгох зохицуулалт оруулна. Цаашдаа гэр бүлийн гишүүн бүрийн хариуцлагыг дээшлүүлэх шаардлага байна. Өнөөдөр хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзаж байгаа хүмүүстэй гэр бүлийн хариуцлагыг яаж ярих юм бэ. Гэр бүлийн задрал их болж байгаатай холбоотой эцэг эх байх үүргээсээ татгалзаж байгаа энэ хүмүүст ямар хариуцлага тооцдог байх вэ гэдгийг хуульчилж өгөх зайлшгүй шаардлага гарч ирсэн. Нөгөө талаас гэр бүлийн салалт маш хүчтэй явагдаж байгаа энэ цаг үед хэрвээ хүүхдийн тэтгэмжээ хуулийн байгууллагаар тогтоолгочихоод төлөхгүй байвал тэр эцэг эхтэй ямар хариуцлага тооцох вэ гэдгийг илүү чанга тусгаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзсан гэж үзэж хариуцлагыг нь чангаруулна.
Өдгөө хүүхдийн тэтгэмжээ тогтоолгочихоод бараг 80 орчим хувь нь түүнийгээ төлөхөө больчихсон байна. Энэ нь ихэвчлэн залуу гэр бүлүүдэд тохиолдож байна. Гэр бүл төлөвлөлт зүйн харилцаа маш их бодлого зохицуулалтгүй явж иржээ. Бид нар гэр бүл гэж юу вэ, эхнэр нөхөр болно гэдэг нь ямар хариуцлагатай байдаг вэ гэж Ерөнхий боловсролын дунд сургуулиасаа эхлээд сургалтын хөтөлбөртөө оруулдаггүй байжээ. Тэгэхээр цаашдаа ийм ёс суртахууны хичээлийг зайлшгүй сургалтын хөтөлбөрүүддээ оруулах ёстой. Энэ мэт олон асуудлуудыг гэр бүлийн хуульд оруулах шаардлага тулгарсан.
-Энэ удаагийн хуульд оруулах хамгийн чухал зохицуулалт юу вэ?
-Хүүхдийн өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулж өгөх тухай зохицуулалт бол хамгийн гол нь. Гэр бүл салалтад хүүхэд ямар ч буруугүй. Тиймээс хүүхдийн эрх ашиг хохирох ёсгүй. Гэр бүлийн дундын өмчлөл болсон өмч хөрөнгийг хуваарилахдаа зөвхөн ээж, аав гэдэг хоёр хүний өмч мэтээр үзэж хуваадаг байсан энэ уламжлалыг эвдэж гэр бүлийн гишүүн бүрт нь дундын өмчлөл болсон өмч хөрөнгийг хуваах ёстой гэж үзэж хуулинд оруулна. Ийм тохиолдолд дөрвөн ам бүлтэй дундын өмчлөлтэй зуун сая төгрөгийн барилга, объекттой гэр бүл салж байна гэж үзвэл хэнийх нь өмч байх нь хамаагүй өмчийнхөө 25 хувийг л эзэмших эрхтэй. Өөрөөр хэлбэл дундын өмчлөлд бий болж байгаа хөрөнгийг 100 хувь гэж үзвэл бүгдэд нь ижил тэгш хувааж өгнө гэдгийг хуульчилж өгнө. Энэ тохиолдолд хүүхдийн өмчлөх эрх, сурч боловсрох эрх энэ хуулиар зохицуулагдах юм. Ингэсэн тохиолдолд гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийн хариуцлагаа ухамсарлаж, гэр бүл төлөвлөлтдөө анхаардаг болж, хүүхэд төрүүлбэл түүнийгээ өсгөх хариуцлагаа хамт үүрэлцдэг болж цэгцэрнэ гэж үзэж байгаа. Энэ нь зөвхөн Монгол Улсад хийгдэж байгаа шинэчлэл биш. Өдгөө дэлхийн олон улс орнуудад хүүхдийн өмчлөх эрхийг хуулийн төлөвлөлттэй нь хамт авч үздэг учраас энэ чиглэл рүү явж байгаа.
-Хуульд тусгагдсан энэ асуудлуудыг хэн хариуцаж, хянах вэ. Тусдаа яам агентлаг байгуулагдах уу?
-Монгол Улс хүн ам зүйн бодлогоо дэмжье, олон жил гэр бүл хүүхэд залуучуудынхаа асуудлыг бие даасан бодлого болгож авч үзье гэж бодож байгаа бол энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай. 2016 оны сонгуулийн өмнө энэ чиглэлийн агентлагийг нь татан буулгачихсан байсан. Сонгуулийн дараа харин бие даасан агентлагтай болсон. Ингэснээрээ хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн 108 утас гэх мэт олон шинэлэг ажил хийгдсэн. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс хүүхэд хамгааллын зардлыг нэлээн олон тэрбумаар нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй л байна. Жишээлбэл, хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах байр одоо хүртэл алга. Энэ асуудал зөвхөн сайн дурын төрийн бус байгууллагууд болон сэтгэл гаргаж ажилладаг, хүүхдийн төлөө зүтгэдэг хүмүүсийн масс дээр л явж байна. Төр энэ асуудлуудыг шийдвэрлэхэд хөрөнгө гаргадаг, үүнийгээ зохицуулдаг байх хэрэгцээ тулгарчээ. Тиймээс гэр бүл хөгжлийн яамтай болох нь зөв гэдэг асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсан. Цаашдаа энэ яамыг бий болговол хүн төвтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй гэж бодож байгаа. Мэдээж Засгийн газрын тухай хуульд бүтцийн өөрчлөлт хийх үед энэ асуудал яригдах байх.
-Итгэлийн зээл олгох хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
-Үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд орохын тулд иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл бэлэн болчихсон байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулиараа холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авах ёстой. Тиймээс Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад албан бичгээр явуулчихсан байгаа. Үүнтэй зэрэгцэн Банкуудын холбоо, Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо гээд байгууллагуудаас хуулийн төсөлтэй холбоотой саналаа өгнө үү гээд бичгээ явуулчихсан. Одоо Засгийн газар бидэнд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Бид Засгийн газрын хариуг хүлээж байна. Хариу ирвэл хуулийн төслөө УИХ-д өргөн барина.
-Итгэлийн зээлийг ямар нэгэн зээлтэй хүмүүс авч болохгүй гэх зүйл яригдаж байна. Та энд тайлбар өгөхгүй юу?
-Ямар нэгэн зээлтэй гэдэг бол буруу. Харин тухайн зээлдэгч хугацаа хэтэрсэн зээлгүй л байх ёстой. Өөрөөр хэлбэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн бол зээл авах боломж бүрдэхгүй. Тэрнээс орон сууцны зээл, цалингийн зээл гээд хэчнээн төрлийн зээлд хамрагдсан байсан хамаагүй зээл авах боломжтой. Хугацаа хэтэрсэн зээлгүй Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн бүр авах боломжтой. Одоо ярьж байгаа зүйл бол хийх ажлын бизнес төлөвлөгөө буюу ийм зүйл хийгээд ингэж ашиг олно гэдэг тооцоо судалгаатай байх талаар юм. Түүнчлэн Зээлээ төрийн банкаар дамжуулж олгоё гэж ярьсан. Тиймээс бүхий л Төрийн банкны салбарт иргэдэд санхүүгийн мэдлэг олгох сургалт хийе гэж ярьж байгаа. Зээлээ хугацаандаа төлчихвөл дараагийн зээл авах боломж бүрдэнэ. Тиймээс зөвхөн Төрийн банкаар дамжуулж зээлийг олгох ёстой гэж хатуу хуульчилна. Төр өнөөдөр зохицуулалт хийх ёстой. 1990 оноос хойш Монголын ядуурал 30-35 хувьтай явсаар ирсэн. Өнөөдөр дахиад л бахь байдгаараа 30 дээрээ байна. Эдийн засаг 17 хувиар өсч байхад ч, өнөөдөр зургаан хувиар өсчихөөд байхад ч ядуурал буурахгүй байгаа нь иргэд рүүгээ чиглэсэн амьжиргааг нь дээшлүүлэх бодит ажил хийгдэхгүй байсантай холбоотой. Хамгийн гол нь энэ хууль зээл авч чаддаггүй олон мянган хүмүүст боломж олгох зорилготой.
-Ямар судалгаагаар 20 хүртэлх сая төгрөг гэдэг тоог гаргаж ирсэн юм бэ?
-Бүх банкнаас иргэдийн авч байгаа зээлийн судалгааг гаргуулсан. Уг судалгаанаас харахад нийт зээлийн 98 хувь нь 20 хүртэлх сая төгрөг байдаг юм билээ. Тиймээс энэ мөнгийг гурван жилээр гурав хүртэлх хүүтэй гэдэг эхний төсөл хэвээр явж байгаа. Бид ирэх долоо хоногоос олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах шийдвэрийг дахин санал болгосон. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Төр түшилцэж яваа бүх хүмүүс аливаа асуудалд хариуцлагатай хандах ёстой. Өнөөдөр Монголын төр түшилцэж яваа хүмүүст алдаа оноо аль аль нь байгаа байх. Засч залруулах, хариуцлага тооцох нь сонгуулиар шийдэгдчихдэг. Энэ бол ардчиллын хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж ойлгодог. Тиймээс Монголын ард түмэн УИХ-д сонгогдсон улстөрчдөд дөрвөн жилийн дараа аливаа асуудалд хариуцлага алдсан, хувийн сонирхолдоо хөтлөгдсөн буруу зөрүү зүйлд холбогдсон бол дүнг нь тавиад явуулчихдаг. Ингэж л асуудал шийдэгдэх байх. Үүнээс өмнө парламент тарах гэдэг дэмий зүйл байх. Ер нь улс төрийн тогтворгүй байдлыг бий болгох нь Монголын дотоод болон гадаад улс төрдөө ч тэр ашиггүй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг үл хүндэтгэх, төрд итгэх ард түмний итгэл сулрах буруу талтай. Мэдээж хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцдог байх нь зөв. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг бүх асуудлыг парламент болон төрдөө наагаад байх хэрэггүй.
Эзэн холбогдогчтой томоохон хэргүүдийг эзэдтэй хариуцлага тооцдог байх нь зүйтэй. Үндсэндээ 2020 оны сонгууль болоход 400 гаруй хоног үлдэж байна. Тиймээс аливаа асуудалд хүлээцтэй хандаж төрийн хүний ухаанаар Монголын төрийг тогтвортой байлгаж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чиглэлээр бүгдээрээ ухаан, сэтгэл гаргаж ажлаа хийх ёстой. УИХ-ын гишүүд өөрсдөө хурал чуулгандаа идэвхтэй оролцдог, ирцээ бүрдүүлдэг байх, төр ард түмний гүүр болж ажиллана аа гэж орж ирсэн бол яг энэ чиглэлээр ажиллах ёстой. Зарим УИХ-ын гишүүд хариуцлагагүй, хангалтгүй ажилладаг тохиолдол байгаа.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН