УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол НӨХӨН СОНГУУЛЬ замхарна
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн болон нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц өчигдөр хоёр шийдвэр гаргалаа. Нэг нь УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нөгөө нь нөхөн сонгууль товлон зарласан хугацаа Сонгуулийн хууль зөрчсөн гээд үзчихлээ. Тэд нөхөн сонгууль явуулах асуудлыг цаг хугацааны хувьд ээдрээтэй болгочихлоо.
Цэцийн шийдвэрээс үүдээд УИХ-ын 42 дугаарт тойрогт нөхөн сонууль болох уу үгүй юу гэх маргаан олон нийтийн дунд ид өрнөж байна. Хуульд зааснаар Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа гаргасан шийдвэрээ УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, нөхөн сонгууль товлох УИХ-ын 22-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ энэ шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэх юм.
Тэгэхээр УИХ энэ 180 хоног гэсэн хугацааг хуульд өөрчлөлт оруулах замаар засвал нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдэх аж. Мэдээж УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол нөхөн сонгууль замхарна гэсэн үг юм.