Ж.Батзандан: УИХ-ын үйл ажиллагаа гөлөрчихөөд, явахгүй байна
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 29 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гээд олон хүн итгэж байсан. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаагаа нэг гөлөрчхөөд, явахгүй байна даа. Иргэд, олон нийт ч хэлж байна. Нийгэмд их хүлээлт байна. Нэг л том тэсрэлт гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэхгүй байна. УИХ бүр гөлчийлөө гэж иргэд хэлж байна. Ерөнхийлөгч өчигдөр биднийг дуудаж уулзсан. Архидалтаа болиоч ээ гэж хэлж байна. Архидалтаас чинь болж хүний аминд хүрээд байна гэж хэллээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна. Зүгээр орж ирсэн иргэдийг хүртэл архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт ард түмний дунд очсон байна. Энэ асуудлаа бид ярих ёстой." гэв .