МАН-ын бүлэг иргэдэд 20 сая төгрөгийн итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжив
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төсөл"-ийг дэмжсэн байна.
Тэрбээр, “Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс МАН-ын бүлгээс нийгмийн итгэлийг бий болгосон зээл олгох шаардлагатай хэмээн үзэж, энэхүү хуулийн төслийг санаачилж, өргөн барьлаа. Энэхүү хууль батлагдсанаар, иргэд барьцаагүй, бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдаж, амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэх юм” гэж тус бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэв.
Банкнаас зээл хүссэн мэдээлэлд хийсэн судалгаагаар, иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн байна. Тиймээс итгэлийн зээлийн дээд хэмжээг хуулийн төсөлд тусгахдаа, 20 сая төгрөг байхаар тооцоолжээ. Харин зээл олгохдоо тодорхой шаардлага тавих юм байна. Тодруулбал, ямар нэг хугацаа хэтэрсэн зээлтэй, бусдын зээлийг батлан даасан хүнд зээл олгохгүй юм байна. Мөн сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан, өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах гэж буй хүнийг батлан дааж, зээл гаргаж өгөх боломжтой аж. Дээрх болзолыг хангасан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авна. Төрөөс зээлийг хариуцан, нэг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийн ажлын багийн тооцоолсноор, эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээлээр олгох юм байна.