УИХ-ын даргын саналын дагуу Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Ц.Цолмонгийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хэлсэн юм. Тэрбээр “Стратеги төлөвлөгөө гэж 2002 онд баталсан баримт бичиг бий. Төрийн албаны шинэ хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын ЕНБД-гаар ахлуулсан ажлын хэсэг стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах, гүйцэтгэлийн төлөвлөгөө болгон өөрчлөх шаардлага тавигдсан. Энэ асуудлаар хурал яваагүй учраас үүнийгээ явуул, ажлаа хий гэсэн асуудал тавьж байсан.
Мөн дараа нь УИХ-ын Тамгын газрын техникийн саатлаас болж чуулганы хуралдаан саатсан. Тэр үед УИХ-ын гишүүд л хурууны хээгээ буруу дараад байгаа мөн хурууны хээ таних төхөөрөмж 600 сая төгрөгийн үнэтэй гэх мэт ташаа мэдээлэл тараагдаж, гишүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал үүсч байсан. Тиймээс үүнийгээ шийдвэрлэ гэдэг шаардлага, саналыг тавьж байсан.
Их хурлын нэр хүндийг өөрчлөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах ажлын шаардлага байгаа учраас Тамгын газрын чиглэлээр ажилласан илүү туршлагатай Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байгаа юм” гэсэн хариулт өгсөн юм.
Санал хураалтаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонг чөлөөлөхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн түүний оронд Л.Өлзийсайханыг томилохыг ч гишүүдийн олонх дэмжсэн юм.
УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ийг чөлөөлөх, томилох асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ.