С.Бямбацогт: Цахим орчинд регистерийн дугаараар бүртгэснээр хуурамч хаяг цэгцэрнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн" анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр суурь илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Цахим хэрэглэгчийг утас, регистерийн дугаараар бүртгэснээр, бусдыг гүтгэдэг, гэмт хэрэгт уриалан дуудаж, ташаа мэдээлэл тараадаг хуурамч хаягнуудын асуудал цэгцэрнэ. Хар тамхи татах, биеэ үнэлэх зэрэг буруу үйлдлийг уриалан дуудаж байгаа мэдээ мэдээллийг, үйлдлийг цахим орчинд тараадаг байдлыг таслан зогсоож хязгаарлах ёстой. Үүний тулд энэ заалтыг оруулж ирсэн. Тэрнээс биш утасны дугаар, регистрийн дугаарыг нь нууцлалаас гаргах гээд байгаа юм байхгүй. Улс орныг хувааж, нийгмийг талцалд хүргээд байгаа элдэв хуурамч хаягийг хязгаарлаж, хаах зорилгоор ажлын хэсэг энэ заалтыг оруулж ирж байгаа юм."