Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар, мэдээлэл авлаа

2019 оны 5 сарын 01

Arslan.mn

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос /2019.04.30/ Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, манай Байнгын хороонд хадгаламж зээлийн хоршоо болон банк бустай холбоотой өргөдөл, гомдол ихээр ирүүлж байна. Үүний нэг жишээ бол “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хохирогчдоос ирүүлсэн өргөдөлд, “3,000 гаруй хохирогчтой 20 орчим тэрбум төгрөгийн хохирол үүсгээд байгаа “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг буцаан олгож, иргэдийн хохирлыг барагдуулах талаар Санхүүгийн зохицуулах хороонд 2016 оноос хойш хандаж байгаа боловч тус хорооноос өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулах талаар шийдвэртэй арга хэмжээ аваагүй байгаа тул нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж өгнө үү” гэсэн утга бүхий өргөдөл тус хоршооны хадгаламж эзэмшигч нэр бүхий 173 иргэнээс ирүүлсэн тул өнөөдөр албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Иймд үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаашид авах арга хэмжээний талаар иргэдэд бодит мэдээлэл хүргэх нь өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго юм гэлээ.

Ингээд  Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийв. Мэдээлэлд, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталсан. 2006 онд 51 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2018 оны байдлаар 279 болсон. Хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн тоо 2018 оны байдлаар 62,556 байна гэв.

Зайны болон газар дээрх хийсэн хяналт, шалгалтын талаарх мэдээллийг танилцуулбал:

Түүнчлэн, “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд, тус хорооноос “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд 2007-2018 онуудад нийт 8 удаа газар дээрх хяналт шалгалт хийж, 2012 оноос хойшхи шалгалтаар “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг “Хангалтгүй” гэж дүгнэж эхэлсэн бөгөөд 2012-2018 онуудад удаа дараа илэрсэн зөрчлийг арилгах, санхүү төлбөрийн чадвараа сайжруулах талаар үүрэг өгч, зарим үүрэг даалгавар биелээгүй тул захиргааны шийтгэл оногдуулж байсан байна. Мөн 2018.06.29-ний өдрийн 433 тоот, 2018.10.31-ний өдрийн 583 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу газар дээрх хоёр удаагийн хяналт шалгалтаар 20,403,138.8 мянган төгрөгийн алдагдалтай, нягтлан бодох бүртгэлийн системдээ ашиглаж байгаа програм нь стандартын шаардлага хангаагүй, санхүүгийн анхан шатны баримт бичгийг нуун дарагдуулан гаргаж өгөөгүй, төлбөрийн чадварын эрсдэл үүссэн, санхүүгийн тайланг үнэн зөв тайлагнаагүй, олгосон зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, санхүүгийн тайланд бүртгэсэн зэрэг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл урьдчилсан байдлаар илэрсэн тул СЗХорооноос эдийн засгийн шинжтэй залилан мэхлэх үйл ажиллагаа байж болзошгүй нөхцөл үүссэн эсэхийг шалган тогтоолгохоор “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 25-р зүйлийн 25.1.9-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн. “Монкорд” ХЗХ-ны гишүүдийн хүсэлтээр Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019.02.25-ны өдрийн 5/345 тоот албан бичгээр тус хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлэн хэрэг бүртгэлтийн 181102772 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах 13 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсгийг ЦЕГ-ын тэргүүн дэд даргын 2019.03.26-ны өдрийн 05 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна гэлээ.

Өргөдөл гаргагчдыг төлөөлөн иргэн Д.Өлзийсайхан, хохирогчдын эрх ашгийг хамгаалахаар өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байна. Өнөөдөр 280 орчим хадгаламж зээлийн хоршоо байна, эдгээр хоршоод 5-6 жилийн хугацаанд хоршоодын үйл ажиллагаа хэвийн явж байна гэж иргэдэд худал мэдээлэл өгч ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудтай удаа дараа уулзсан боловч өнөөдөр иргэд хохирсоор байна хэмээн мэдүүлж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлахад, УИХ-ын гишүүн А.Сүхбат, 2012-2016 онуудтай харьцуулахад өнөөдөр ХЗХ-ны тоо хоёр дахин өссөн үзүүлэлт гарч байна. Хохирогчдын тоо өдрөөс өдөрт өсч, өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны түвшинд авч хэлэлцэх хэмжээнд хүрээд байна, иймд цаашид иргэдийн хохирлыг барагдуулахад хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой хариулт өгөхийг хүсэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өгсөн тайлбартаа, өнөөдрийн байдлаар 279 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна, хоёр дахин өссөн үзүүлэлт нь Улаанбаатар хотын хороо бүрт буюу өөрөөр хэлбэл 117 ХЗХ шинээр байгуулагдсан, харин сүүлийн 2,5 жилийн хугацаанд шинээр байгуулагдаагүй болно. “Монкорд”-ын хувьд 1996 онд үүсгэн байгуулагдсан, өнгөрсөн хугацаанд СЗХ-ноос удаа дараа хяналт шалгалт хийж, хорооноос доголдол байна гэж үзээд дахин шалгалт хийсэн. 2018 оны шалгалтын дүнд сэжиг бүхий хоёр өөр данс байсан нь тогтоогдсон. Мөн 2018 оны 11, 12 дугаар сард СЗХ-ноос өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж, гэмт хэргийн чанартай үйлдэл болох нь тогтоогдож, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Өчигдөр гэхэд 28 хохирогчтой уулзан, хууль тогтоомжийн хүрээнд хохирогчдын хохирлыг барагдуулахаар нэг бүрчлэн ажиллаж байна гэв. 

Мөн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, “Монкорд” ХЗХ-нд 2017 онд хийсэн хяналт шалгалтын дүнд гарсан зөрчлийг тухайн үед нь яагаад “Монкорд” ХЗХ-ны гишүүдэд танилцуулаагүй, мөн тусгай зөвшөөрлийг нь яагаад цуцлаагүй талаар тодруулахад, 2017 онд санхүүгийн хүндрэл үүссэн байж болзошгүй гэсэн Улсын байцаагчийн дүгнэлт гарсаны дагуу 7 удаагийн үүрэг даалгавар хүргэгдсэн. Улмаар биелэлт хангалтгүй, мэдээлэл дутуугийн улмаас 2018 оны 4 дүгээр сард дахин хяналт шалгалт оруулсан. Хяналт шалгалтаар эрүүгийн шинжтэй байж болзошгүй гэсэн нөхцөл байдал илэрсэн учир цагдаагийн байгууллагад шилжүүлсэн болно. Зөрчлийн хуулийн дагуу мэдээллийг прокурын хяналт дор явуулдаг учир “Монкорд” ХЗХ-ны гишүүдэд танилцуулах боломжгүй байсан гэж СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа хариулав. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэхдээ, гэмт хэргийн шинжтэй санхүүгийн зөрчил гарч байгаа нь харамсалтай байна. Түрүүчээсээ томоохон банкууд дампуурлаа зарлаж, “Монкорд” ХЗХ нь 7 жилийн хугацаанд зөрчилтөй ажиллаж ирсэн байна. Ер нь ямар бодлого, шалгуур үзүүлэлтээр хороо бүрт хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж ирсэн талаар тодруулав. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, 2014-2015 онуудад нийслэлийн хороо бүрт хадгаламж зээлийн хоршоо байгуулах шийдвэрийг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар хөнгөвчилсөн нөхцөлтэй гэрээ байгуулж, энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотод өргөжүүлэх нь зүйтэй хэмээн 100 гаруй хадгаламж зээлийн хоршоо байгуулж, хотын Хөгжлийн сангаас тодорхой хэмжээний дэмжлэг авсан гэлээ. Өнөөдөр СЗХ нь эдгээр хадгаламж зээлийн хоршоо бүрийг шалгаж байна, эдгээрээс хэвийн ба хэвийн бус үйл ажиллагаатай хоршоод байна. “Монкорд”-ын хувьд аудитын тайлангаа хоёр өөр хувилбараар буюу худал хүргүүлж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Харин хүүгийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоох зохицуулалт байхгүй гэлээ. 

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсаны дараа санал хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ, хадгаламж зээлийн хоршоо хотод ихээр байгуулагдаж, өрх бүр зээлтэй байдаг нь нууц биш, өнөөдөр ихэнх банк бус болоод хадгаламж зээлийн хоршоо нь хуурамч бичилт хийж байна. Ингэснээр хадгаламж зээлийн хоршоо битгий хэл томоохон банк болох “Капитал” банк дампуураад байна. Иймд хуурамч бичилт хийдэг энэ тогтолцоог зогсоох талаар арга хэмжээ авч, хяналт шалгалтын ажлыг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байа.  

Ингээд хэлэлцүүлгийг дүгнэж, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, өнөөдөр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон ломбардад төр хяналт тавьж, үйл ажиллагаанд нь чанарын өөрчлөлт хийх шаардлага бий болоод байна. Иймээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох Байнгын хороо болон УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлд мэдээлэл хүргүүлж, Хадгаламж зээлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг нэн яаралтай УИХ-д оруулж ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602883
0 эможи

keyboard_arrow_up