БАЙНГЫН ХОРОО: Олон нийтийн сүлжээнд регистрээрээ бүртгүүлдэг болох хуулийн төслийг хэлэлцлээ

2019 оны 4 сарын 24

Arslan.mn

Эдийн засгийн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй нийт 28 саналыг боловсруулсан байна. 

Ингэхдээ нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ. 
Мөн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого  төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулсан байна.

Харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлахаар ерөнхий байдлаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгож, өөрчлөн найруулахаар тусгажээ. 

Ирэх зургаадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар гэж байхгүй болно

 УИХ-ын гишүүд асуулт, байр суурь, Ажлын хэсгийн хариулт:

Гишүүд мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэдийд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх талаар тодруулав. Олон нийтийн сүлжээтэй холбоотой асуудал олон оронд хөндөгдөж зарим орон нийгмийн сүлжээний хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулан буух хаяг, буцах эзэнтэйгээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг байх зохицуулалтыг хийсэн байна. Энэ асуудлыг хуульд тусгасан эсэхийг тодруулж байлаа.

Нийгмийн сүлжээгээр хуурамч нэртэй хаягнаас бусдыг гүтгэж доромжлох явдал хэрээс хэтрээд байгааг гишүүд дурдаад үүнд тавих хяналт, доромжлуулсан хүмүүсийн эрхийг хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаагүй байгааг дурдаж байсан. 

Ажлын хэсгийн зүгээс Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулаад, яамдаас санал авах шатанд яваа гэсэн мэдээллийг өгсөн. Тэрхүү хуулийн төсөлд цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах талаар тусгасан гэлээ. Тэрхүү төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажил сайжирна гэж үзэж байгаа аж. Нийгмийн сүлжээтэй холбоотойгоор гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг холбогдох үүрэн холбооны компаниудтай хамтран хийж эхэлсэн байна. 

2016 онд бүртгэлгүй 650,000 дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдрийн байдлаар 42,000 болж буурсан гэлээ. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар гэж байхгүй болно гэв. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэд бүртгэлтэй гар утсаараа авах, сошиал орчинд бүгд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлалаа.  

 Олон нийтийн сүлжээгээр бусдын эрхэнд халдсан үйлдлийг илрүүлэхэд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар тохиролцжээ

Ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирсон гэлээ. Олон нийтийн сүлжээгээр буюу фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг илрүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцжээ.

Харин “Фэйсбүүк” компанийн зүгээс хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан бөгөөд тэдгээр асуудлыг Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд нарийвчлан тусгасан гэсэн мэдээллийг өглөө.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602601
1 эможи

keyboard_arrow_up