Гол мөрний ам барьсан хууль сонгуулийн дэвжээнд “ДАВАХГҮЙ“ ЭЭ, ГИШҮҮД ЭЭ
Өнөөдөр УИХ-ын чуулганаар Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг ТАНА эвсэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Тэд “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах гэж байна. Байгальд халтай хууль батлах гэж байна” гэлээ. Тэд “Энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд нэг ч байгальд ээлтэй хууль санаачилж баталсангүй. Байгальд хамгийн халтай УИХ боллоо Энэ хуулийг баталбал сонгогчид чинь хэзээ ч уучлахгүй. Энэ алдааг засахад маш хэцүү шүү. Туулынхаа бохирдлыг цэвэрлэж чадахгүй байсаар явтал Төв цэвэрлэх байгууламж задраад Туул руу урсчихсан.
Ерөө, Хараа, Сэлэнгэ голуудынхаа амыг бүү бариач. Заамарт гэхэд л малчид нь 20-иод км хол явж байж ундны усаа зөөж ууж байна. Ийм болчхоод байхад уул уурхайн компаниуд, ус бохирдуулагчдын төлбөрийг 50-60 хувиар хөнгөвчилж болохгүй. Дэлхий нийтийн жишгээр ус бохирдуулсны төлбөрийг өндөр тавьснаар аж ахуйн нэгжүүд усаа дахин ашиглах технологийг нэвтрүүлдэг юм байна. Өөрсдөө ус цэвэршүүлэх байгууламж барьдаг юм байна. Гэтэл энэ хуулийн зохицуулалтад ийм сонирхол оруулсангүй.
Тэгэхээр гишүүд минь ээ, эх орон, хойч ирээдүйнхээ төлөө энэ хуулиа эргэж хар. Энэ хуулийн ард маш том эрх ашиг нуугдаж байна. Бид энэ хуулийг батлахад хэн гэдэг гишүүн кноп дарсан бэ гэдгийг иргэдэд мэдээлнэ. Гол мөрний ам барьсан хууль сонгуулийн дэвжээнд “давахгүй” ээ, гишүүд ээ. Энэ хуулийг батлахад өөрийн үнэт зүйлээ уландаа гишгэсэн хүн бүрийг бид танилцуулна” гэв.
ТАНА эвслийн тэргүүн Б.Баярмаа, хуульч өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нар “Угтаа бол бидэнд усны бохирдлын тухай хууль бий. 2012 онд батлагдсан энэхүү хууль өнгөрөгч долоон жилийн хугацаанд нэг ч удаа хэрэгжээгүй. Тиймээс энэ хуулийг хэлэлцэхгүй байхыг, хэлэлцүүлгээ зогсоохыг шаардаж байна” гэв.
Түүнчлэн Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж “Хэрэв энэ хууль батлагдсан тохиолдолд хэсэгчлэн хориг тавьж өгөөч. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид танд дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Гэвч нэг ч шаардлагыг биелүүлээгүйгээр үл барам энэ талаар юу ч хийсэнгүй. Иргэний нийгмийнхэнд хариу ч өгөлгүй үл тоомсорлож байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж бий шүү дээ. Хэрэгжилт нь юу болж байна. Ус бохирдуулагчдад хариуцлага чангатах эрх зүйн орчин бүрдүүл.
Мөн НҮБ-ын усны тусгай илтгэгч Монгол Улсад ирээд Туул голын бохирдолтой танилцаад бохирдлын хэмжээг гамшгийн түвшинд хүрчээ гэчихсэн. Туул голыг хамгаалах тусгай даалгаврыг Засгийн газарт өгсөн байдаг. Мөн Өргөдлийн байнгын хорооноос 2016 онд 03 дугаар тогтоол баталсан. Үүнд, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагаж мөрдөх журмыг яаралтай баталж энэ хуулийг яаралтай хэрэгжүүл гэж Засгийн газарт даалгасан. Гэтэл Засгийн газар энэхүү дүгнэлт, зөвлөмж, үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэхийг хүссэнгүй. Харин ч төлбөрийн хэмжээг бууруулсан хуулийг УИХ-д өргөн бариад хэлэлцүүлэхээр зэхэж байгаа нь буруу” гэдгийг тодотголоо.
Энэ бол дан ганц байгаль орчны төлөө гэсэн үйл ажиллагаатай ТББ-уудын хийх ёстой ажил, хэлэх ёстой санал санаачилга биш ээ. Монгол хүн бүрийн анхаарч оролцох, дуу хоолойгоо өргөх ёстой сэдэв. Гол усны асуудал ярихаар чимээгүйхэн болчихдог, халамж, тэтгэвэр хэлэлцэхээр бүх нийтээрээ хошуу нэмэрлэдэг ядмагхан сэтгэлгээ биднийг нөмөрдөг байж таарахгүй. MCS, МАК, Багануур, Мера, Оюутолгой, Энержи ресурс, Эрдэнэт үйлдвэр, “Шивээ-Овоо”, “Алтайн хүдэр”, “Петро чайна Дачин Тамсаг” зэрэг томоохон ус ашиглагчдыг дурдвал уртаас урт жагсаалт гарна. Уул уурхай эдийн засгийн голлох хүч болж байгаа энэ цаг үед уул уурхайн ашиглалт чухал ч гэлээ усны асуудал түүнээс ч чухал билээ.
2018 оны хувьд манай сонин уул уурхайн асуудалд нэлээд дуу хоолой болж хариуцлагагүй уул уурхайтай бүс нутгуудад сэтгүүлчдээ томилж ажиллуулсан байдаг. Энэ хүрээнд Заамарт хэд хэдэн удаагийн томилолт өвөртөлж газар дээрээс нь уншигчдадаа нөхцөл байдал ямар байгааг сурвалжлан хүргэсэн билээ. Тэгвэл алтны өлгий болсон Заамарын хувьд ус бол алт гэх үг биеллээ олсон байв. Туул голын сав уйлах шиг, ёолох шиг дүр зурагтай байсныг бид уншигчдадаа хүргэж байв. Малчид усны эрэлд хатаж эхэлсэн тухайгаа учирлаж байв.
Угтаа бол уурхайд ус зөөвөрлөн шороон ордын алтыг баяжуулах, цас борооны ус тогтоох, ашигласан усаа цэвэршүүлэх гэх мэт технологийг нутагшуулах ажлуудыг хийх боломж хангалттай байж болох ч эхлэл төдий байсан нь усаа харамлах иргэдийн бухимдал болж дэвэрч байгааг эрх баригчид ойлгоосой билээ. Мөн усыг бохирдуулах эрх олгодог хамгийн том субъект нь орон нутгийн удирдлагууд. Тэд чимээгүй дайн дэгдээгчид. Бүхий л эрх мэдлийн гол зангилаа нь гэчихэд буруутахгүй болов уу. Тухайлбал, Заамар дахь аль ч уурхай дээр очсон далангаа сэтэлдэг гэх асуудлууд бий. Үүний цаад талд усны асуудал сөхөгдөнө.
Иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолой болж хэчнээн хашхиравч орон нутгийн байгууллага гэх том толгойтой нөхөд зөвшөөрөл өгч гол ус сэтлэх эрх олгоод сууж байдаг. Тэгэхээр уул уурхайн компаниудад хэн дуртай нь ус ашиглах зөвшөөрөл олгодог замбараагүй байдлаа халж тоолууржуулъя. Тоолууртай болсон цагт ус ашигласны, ус бохирдуулсны төлбөр зүй ёсоор бодогдох билээ.
Гэтэл өдгөө компаниудын ашигласан усандаа төлж буй төлбөр тооцооны хэмжээ харьцангуй өөр өөр байгаа нь өөрсдийн үзэмжээр асуудалд хандаж байгааг илэрхийлнэ.
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
Бид, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарим гишүүдийн байр суурийг сонслоо. Уг хуулийн төсөлд ус бохирдуулсны төлбөрийн дээд хязгаарыг 50 хувиар нэмэгдүүлж, доод хязгаарыг 50 хувь бууруулах зохицуулалт тусгасан юм. Харин энэ зохицуулалтаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ус бохирдуулсны төлбөрийг хэт бууруулах нь гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж буй. Тэгвэл уг хуулийн төслийн талаарх УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Ер нь аж ахуйн нэгж, малчид, тариаланчид гэлтгүй хүн бүр усны талаар өөр ойлголттой байдгийг нэгтгэх гэж энэ хуулийн төслийг санаачилж, оруулж ирсэн юм билээ. Усгүйгээр ямар ч уул уурхай, үйлдвэрлэл байхгүй. Тиймээс усыг хэрхэн зохистой хэрэглэж, гамнаж, дахин хэрэглэх вэ гэдэгт энэ хуулийн агуулга нь оршиж байгаа юм. Бид усыг дуусахгүй юм шиг хандаж ирсэн хүмүүс шүү дээ. Жишээлбэл, хотод хоногтоо 200 сая литр усыг дахин ашиглахгүйгээр Туул гол руу цутгаж байгаа.
Усны дээд эх үүсвэрүүд, зарим худаг ус нь шавхагдсан байна. Ус бохирдуулсны төлбөрийг бууруулах асуудлыг ажлын хэсгийнхэн дүгнэлт судалгаанд тулгуурлаж л ярьж байгаа байх. Бид ус бохирдуулсны хариуцлагыг ярихаас өөр аргагүй. Ингэхдээ усыг ямар хэмжээгээр бохирдуулсан бэ гэдгийг нь тогтоож хариуцлага тооцох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Мал аж ахуй, газар тариалангийн салбарынхнаас төлбөр авах байсныг нь болиулсан. 300 толгойгоос дээш бог, нэг га-гаас их газар тариалангаас төлбөр авах байсан юм. Газар тариалан, мал аж ахуй бол хүн амын хүнсний хэрэглээ учраас төлбөр авах хэрэггүй. Харин уул уурхайгаас авах ёстой. Дэлхий нийт ч төлбөр авдаг. Гэхдээ саарал усаа ашигласан тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэж байгаа юм билээ.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй сайн танилцаагүй байна. Бусад хуулийн төсөл дээр ажиллаж байгаа болохоор их анхаарсангүй. Хэлэлцүүлгийн явцад нь сайн судална. Намайг аж ахуйн нэгж эрхэлж байхад усны төлбөрийг гэнэт өндөр хувиар нэмж байсан. Тухайн үед аж ахуйн нэгжүүдээ бодохгүй хэтэрхий өндөр төлбөр авч байна гэсэн яриа гарч байлаа. Сүүлийн гурван жилд аж ахуйн нэгж байгууллагад анхаараагүй учраас одоо ямар байгааг нь сайн мэдэхгүй юм. Ер нь миний үүсгэн байгуулсан компаниудын хувьд төлбөрөө төлөөд л явдаг юм билээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Энэ хуулийг төслийг дэмжихгүй байгаа. Өнгөрсөн Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр хуулийн төслийг эргэж авч үзэх шаардлагатай гэж үзээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн завсарлага авсан. Одоо ажлын хэсгийнхэн дахин авч үзэж байгаа байх. Ус бол дэлхий нийтэд хүнд асуудал болж байгаа. Тэр дундаа монголчуудад нэлээд хүнд байгаа. Цэвэр ус, гүний усаа их ашиглаж байна. Хуульд тусгаснаар газар тариалан эрхлэгчид, малчдаас татвар авах нь хүндрэлтэй. Нөгөө талаар нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийг ашиглаж байгаа уул уурхайн компаниудад хэт хөнгөлөлт үзүүлэх нь ч хүндрэлтэй. Тиймээс асуудлыг авч үзэх шаардлагатай гэж үзээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Гишүүдийн ихэнх нь мал аж ахуй болон газар тариалан эрхлэгчдээс төлбөр авах гэж байгааг нэлээд шүүмжилсэн. Үнэндээ ус хэрэглэж буй түвшнээрээ мал аж ахуй, газар тариалангийн салбарынхан усны хэрэглээний 51 хувийг эзэлж байгаа. Гэхдээ төлбөр авах заалтыг нь хасаж байгаа. Уул уурхай эрхлэгчдийн төлбөрийг биш төлбөрийн хэмжээний дээд доод хязгаарыг тогтоож байгаа юм. Тодруулбал, дээд хязгаарыг 50 хувь нэмэгдүүлж, доод хязгаарыг нь 50 хувиар бууруулж байгаа юм.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин