ХЗБХ: Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.17) хуралдаан 10 цаг 08 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан нарийн судлан, үзэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодруулга хийсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Тус түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахыг дэмжлээ
Дараа нь Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтээр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3 14 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн юм. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураахад гишүүд 90 хувийн саналаар дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс тодруулга хийв. УИХ-аас 2017 онд баталсан хуулиуд хэргийг шүүх шатнаас буцаахгүй байх концепцтой гэдгийг О.Батнасан гишүүн онцолж байв. Үндсэн хуулийн цэц холбогдох маргааныг хэлэлцээд дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан бөгөөд энэ дагуу “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсвэл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурор руу, эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүх рүү буцаах” хэмээн өөрчилж буй шалтгааныг тэрбээр тодрууллаа. УИХ-аас баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд хэргийг прокурорт буцаахгүй гэсэн заалт бий. Энэ хуулийг нарийн судалж үзэх юм бол хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тохиолдолд хэргийг буцаах хэд хэдэн тохиолдол бий. Тухайлбал, анхан шатны урьдчилсан хэлэлцүүлгээс буцаах, эсвэл прокурор энэ талаар дүгнэлт хэлсэн тохиолдолд хэргийг буцаах зохицуулалтууд бий. Хууль хэрэгжсэн өнгөрсөн хоёр жилийн туршлагаас харахад шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдалд хэргийг зайлшгүй буцаах шаардлагууд үүсдэг. Тиймээс энэ 34.7 дугаар заалт бол угаасаа прокурор буцаах шаардлагатай гэж үзсэн саналынх нь дагуу шүүх буцааж шийдвэрлэдэг тул үүнийг нь шүүхийн шийдвэрт нэг үндэслэл болгон оруулсан. 33 дугаар зүйлийн 33.3-т заасан буцаах үндэслэл бол анхан шатны шүүхээс хэргийг буцаадаг үндэслэлүүд юм хэмээн Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн тайлбарлав. Үргэлжлүүлэн тэрбээр "Дээрх хуульд бас хүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах, ийн цагаатгагдсан хүний хэргийг прокурор буюу мөрдөн байцаалтад буцаах тухай агуулга бүхий заалт бий. Хууль хэрэгжсэн өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох баримт нь хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдлууд байдаг. Ийм тохиолдолд тухайн хүний хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгадаг. Үүний дараа дахиад энэ хэргийг нотлоод ир хэмээн явуулах нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн “Хүний гэмт хэргийг нэг л удаа шүүхээр шийдвэрлэх зарчим”-д нийцдэггүй" гэлээ. 2018 онд хуулийн байгууллагад “Шүүх миний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан атлаа дахин шалгаад байна” гэдэг үндэслэлээр олон гомдол ирсэн болохыг Б.Батцэрэн шүүгч хэлж байв. Тодруулбал, шүүх нэг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа “Шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байна. Мэдүүлэх авахдаа, шинжээчийн дүгнэлт гаргахдаа тус бүрт холбогдох журмыг зөрчсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа” гээд шийдвэр гаргачихдаг. Үүнээс хуулийн гажуудал үүсээд байгаа гэлээ. Үнэндээ гэмт хэрэг үйлдсэнийг нь нотолж чадаагүй, эсвэл нотолсон гэж үзэж буй баримтууд нь хуульд заасан журмыг зөрчиж бэхжүүлэгдсэн тохиолдлуудад хэргийг буцаах заалт байхгүйгээс шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж байна. Гэтэл нөгөө талд хэрэгсэхгүй болсон хэргээр цагаатгагдсан хүнийг дахин шалгаад, гэм бурууг нь дахин шүүхээр хэлэлцэх нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн “Хүний гэмт хэргийг нэг л удаа шүүхээр шийдвэрлэх зарчим”-д нийцдэггүй. Тиймээс шүүхийн практикаас харахад зайлшгүй энэ асуудлыг зохицуулах шаардлага үүсээд байгааг тайлбарлаж байлаа. 2018 оны судалгаагаар зөвхөн нийслэлд дээрх үндэлэл буюу процессын алдаатай учир 60 гаруй хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин шалгуулахаар цагаатгасан. Цагаатгагдсан хүмүүсийн хэргийг дахин нотол гээд хуульд заасан заалтынхаа дагуу буцаадаг. Энэ хооронд хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл үүсвэл хэрхэх талаар асуудал яригдана. Давж заалдах болон хяналтын шатны шүүх нь доод шатны шүүхэд хууль зүйн дүгнэлт хийх, ямар хууль хэрэглэхийг, хэргийг хэрхэн зүйлчлэхийг, ямар ял оногдуулахыг заах, чиглэл өгөх эрхгүй бөгөөд энэ нь холбогдох хуулиар маш тодорхой зохицуулсан байдгийг Б.Батцэрэн шүүгч тайлбарлалаа. Харин тухайн хэргийн үйл баримтыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх, хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, ямар нотлох баримтыг орхигдуулсан, ямар нотлох баримтын талаар няцаасан дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох ямар нөхцөл байдал байгааг харах ёстой зэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүх шийдвэртээ тусгаж өгдөг байна. Ингээд нэмэлт мөрдөх ажиллагаа хийснийхээ үр дүнд зүйлчлэл хүндрэх асуудал гарвал ялыг өөрчлөн сонсгоход процессын ажиллагааг энгийн журмаар явуулдаг гэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь бүхэлдээ хүний эрхийг дээдлэх үзэл баримтлалтай. Үндсэн хуулийн цэц хүний эрх зүйн байдлыг хүндрүүлж, гэнэт шийдвэр гаргаж болохгүй гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргасныг УИХ үүнийг хүлээн авсан. Тиймээс шүүгдэгч буюу яллагдагчид процессын явцад олгогдсон эрхүүдээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг олгох нь зүйтэй хэмээн Улсын дээд шүүх үзэж байгаа аж. Тийм учраас ялыг хүндрүүлж шийдвэр гаргахгүйгээр дээрх нөхцөл байдал үүсвэл дахин шалгаад, шүүгдэгчид процессын эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлсний дараа тухайн иргэний гэм бурууг хэлэлцэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүний эрхийг дээдлэх үзэл баримтлалд бүрэн нийцнэ гэж үзэж байна гэв.
Харин Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-орших “Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг мөр цуглуулах, хууль зөрчихгүй байх шаардлагыг прокурорын байгууллагаас хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд тавьж байна. Улсын ерөнхий прокурорын байр суурь бол гэмт хэргийн зүйлчлэл буруу болсон буюу ял завшуулах нөхцөл үүссэн тохиолдолд л зүйлчлэлийг нь зөвтгөхөөр шүүхээс хэргийг буцааж болно гэж үзэж байгаа. Бусад тохиолдолд хэргийг шүүхийн шатнаас буцаах нь хэрэг шийдэгдэхгүй удах, хэрэг бүртгэх мөрдөн байцаах шатанд нотлох баримтыг хангалтгүй цуглуулж шүүхэд шилжүүлснээс үүдэн цаг хугацаа алдах, хүний эрх зөрчигдөх, чирэгдэл үүсдэг зэрэг өмнөх байдал давтагдах эрсдэлтэй гэж үзэж байна” гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуулийг бүх шатандаа нэг мөр ойлгох шаардлагын үүднээс Улсын дээд шүүхээс тайлбар хийдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Хууль зүйн байнгын хороо санаачилга гарган ажиллах нь зүйтэй гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийг практикт хэрэглэж буй Улсын дээд шүүх болон Улсын Ерөнхий прокурорын байр суурь зөрүүтэй байгаа энэ тохиолдолд асуудлыг сайтар нягтлан, зөв шийдлийг олох шаардлагатай хэмээгээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувийн саналаар дэмжсэн юм.
Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжив
Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга энэ талаар хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн гэв. Нэр дэвшигч Максимын Чинбат нь Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.Тэрбээр 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ. 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна.
Улсын ерөнхий прокурорын орлогчын албан тушаалд нэр дэвшигч Содонгийн Алиманцэцэг нь 47 настай, эмэгтэй. Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1990 онд 10 жилийн 3 дугаар сургуулийг төгсөж, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн байна. Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Нэр дэвшигч С.Алиманцэцэг нь -1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллажээ. 2005-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2012-2014 “МИАТ” ТӨХК-д хуулийн хэлтсийн даргаар ажилласан байна. 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2015 онд дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хяналтын прокурор, 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт туслах прокурор, 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянгын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Ж.Батзандан нар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.