Г.Занданшатарын тогтоож буй “гурван үеийн хоршил“-ын жишиг
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 11-нд парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргасан билээ.
Бодлогын зөвлөлийг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, академич Г.Чулуунбаатар ахалж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэбилэгт ажиллах ба зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайхан, зөвлөх, доктор, профессор Д.Бадарч, Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Тамир, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Ч.Сайнсанаа, эрх зүйч А.Амармөрөн, хуульч Б.Баасанжаргал, Н.Цогт, М.Цэнд-Очир, О.Эрдэнэдалай нар багтсан гэдгийг эрхэм та хэдийн уншсан биз ээ.
Өмнө нь мөн Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмшсэн залуучуудаас бүрдсэн өөрийн зөвлөхүүдийн зөвлөлийг олон нийтэд танилцуулж байсан юм.
Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатарын байгуулсан Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл" нь зөвхөн нэг үеийнхэн биш байгааг сайшаагууштай.
Ахмад, дунд, залуу үеийн идэвхтэй холбоо, хамтын ажиллагаан дээр л аливаа шийдвэр зөв гарч, ажлын үр дүн гарах учиртай тухай бид олонтаа ярьдаг.
Гэвч энэ санааг ажил болгох тал дээр нийтээрээ л тун хойрго хандаж ирсэн нь нууц биш.
Зөвхөн улс төрийн хүрээнд авч үзэхэд л сүүлийн жилүүдэд "зөвлөх" гэдэг албан тушаалын утга учир ихэд алдагдсан.
Тухайн албан тушаалд томилогдож буй улс төрчийг дагаж, сонгуулийнх нь ажилд оролцсон гэх гавьяатай, мэдлэг, боловсрол, дадлага туршлагын хувьд үнэндээ туслах байх хэмжээний л хүмүүс л зөвлөх нэр зүүдэг болсон нь нууц биш.
Харин энэ жишгийг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ халж, дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн залуусыг зөвлөхүүдээрээ сонгосон.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд энэ жишгийг улам сайжруулж, олон жилийн туршлагатай ахмад үе, ид ачаа үүрэх үедээ ажиллаж буй дунд үеийн технотратууд, дэлхийн өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн залуус гэсэн үеийнхнээр нэг дор цуглуулж, Бодлогын зөвлөлөө байгуулжээ.
Г.Занданшатарын Монголын улс төрд тогтоож буй энэ "гурван үеийн хоршил"-ын жишгийг цаашид ч үргэлжлүүлэх нь улс оронд хэрэгтэй биз ээ.
Ч.Явуу
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин