Дордуулсан долоогийн долоон булчирхай

2019 оны 4 сарын 15

Arslan.mn

Засаглалд тогтолцооны өөрчлөлт хийхийг УИХ-ын ахмад гишүүд дэмжихгүй байгаа гэх мэдээлэл авлаа. УИХ-ын ээлжит бус чуулган дээр гишүүн Д.Лүндээжанцангийн хэлсэн үгийг анхааралтай судаллаа. Одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуульд оруулсан долоон төрлийн өөрчлөлт араасаа асар их хөнөөл дагуулсан байдаг юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө би үүнийг судалж үзээд "Үндсэн хуулийн бичил хувьсгал" гэж нэрлэснээ санаж байв. Тэр долоон өөрчлөлтийг маш яаралтай буцааж өөрчлөхгүй бол төр ганхах аюулд хүргэнэ гэдгийг үндэслэлтэйгээр сануулж байсан. Харин өдгөө өөрчлөхгүй бол цааш явах ямар ч зам байхгүй, тийм байдалд хүрлээ. үүнийг тодорхой тайлбарлая, Д.Лүндээжанцан болон бусад гишүүн анзаарна буй за.
 
Дордуулсан долоон өөрчлөлтийг буцааж цуцлахгүйгээр үндсэн хуульд ямар ч өөрчлөлт оруулж болохгүй, дэндүү эрсдэлтэй
 
1. Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт орохгүй юм байна гэж Д.Лүндээжанцан гишүүний хэлсэн үгнээс ойлголоо. Нэгэнт тогтолцоонд гар хүрлээ л бол суурь бүтэц задарч шинээр үндсэн хуулийн төсөл хийх шаардлага гарна, бас нөгөөтэйгүүр суурь өөрчлөлтийг хийхэд УБХ ч гэдэг юм уу, онц эрхтэй формат байгуулах хэрэгтэй болно. Энийг одоогийн УИХ хийж чадахгүй, тийм чадамж тэдэнд байхгүй гэж төсөөлж байгаа бололтой юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бас нэгэн төсөл барьж гүйгээд байгаа. Түүнээс гадна 30 орчим төсөл байгаа дуулдсан, энэ ч бас нөлөөлсөн байх. УИХ-ын спикер бас өөрийн төслийг мэдээж зүтгүүлж таарна гээд зовлон байгаа л биз.
 
Д.Лүндээжанцан гишүүн Монтескьёгийн үндэслэлийг харгалзан, төрийн засаглалын хуваарилалтад суурь тогтолцоогоо өөрчлөхгүйгээр зарим реформ хийх аргыг эрж буйгаа мэдэгдлээ. Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэх, тухайлбал парламентыг тараах эрх олгох нь дэлхийн парламенттай гүрнүүдийн сонгомол жишигт ойртох гэсэн санаа гэж ойлгож байна.
 
Монтескьёогийн үндэслэлийг анхнаас нь буруу ойлголтоор үндсэн хуульд гажуулан суулгасан гэсэн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч байгаа тал харагдаж байна. Гэхдээ, канцлер маягийн засаглалд ойртуулан ерөнхий сайдын эрх мэдлийг шинэчлэн тогтоох нь суурь бүтцийн өөрчлөлт биш ч гэсэн шууд бус нөхцөлийг шаардаж таарна. Тэр нь нутаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулж, реформ хийн холбооны бүтцэд ойртуулах шаардлагатай гэсэн үг. Учир нь канцлер хэлбэрийн засаглал нь холбооны улсуудын хэв шинжит засаглалийн хэлбэр мөн. Гэхдээ 2000 онд үндсэн хуульд хийсэн бусармаг өөрчлөлтийг эхлээд засах ёстой. Тэгэхгүйгээр үндсэн хуульд гар ч хүрч болохгүй нь хэнд ч ойлгомжтой.
 
2. Энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлтөд, шүүх засаглалыг нам, нарийндаа бол олигархиудын хараат байдлаас ангижруулан чөлөөлөх реформыг заавал хийх шаардлага амьдралаар батлагдлаа. Үндсэн хуулийн цэцийг татан буулгаж, үүрэг функцыг нь улсын дээд шүүхэд шилжүүлэх ёстой гэсэн зарим хуульч, судлаачдын санааг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн шүүх нь өөрөө мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулах эрхгүй байж болдоггүй юм байна гэдгийг Монгол Улс 30 жилийн түүхээрээ нотоллоо, одоо хийх цаг нь болсон. Шүүх хараат бус байж болохгүйн тухайд гэвэл, улс орнуудын тогтолцоо бэлээхэн баталчихсан юм. Тийм учраас шүүгч нарыг томилох чөлөөлөх функцтэй хөндлөнгийн формат ажиллуулдаг. Тэр форматыг ард түмнээс сонгодог, ийм л жишигтэй. Манайд тийм формат байхгүй учраас асуудал хуримтлагдаад цааш явах нөхцөлгүй болсон нөхцөлд аргагүйдэн ҮАБЗ хуралдаж шийдвэр гаргалаа. Буруу юм алга. Энэ бол үндсэн хуулийн цоорхой.
 
Гүйцэтгэх засаглалын эрхийг УИХ нь булаагаад авчихсан манай нөхцөлд Ерөнхийлөгчийн дангаар эдлэх  ихэнх эрх мэдэл хэрэгжих боломжгүй болж, ёстой л шүдгүй арслан болон хувирчээ. Үүнийг залруулах ёстой, гэхдээ л дордуулсан долоон өөрчлөлтийг эхлээд заавал цуцлах ёстой.
 
3. Монтескьё эрх мэдлийн тэгш хуваарилалтын тухай ерөөсөө хэлээгүй, энэ бол ойлголтын зөрүү. Үүрэг функцыг л харьцангуй тэгш хуваарилна, үүргээ дагаад харьцангуй эрх орж ирнэ гэж номлосон. Бүх орон энэ жишиг үндэслэлээр явж байгаа. Эрх мэдлийг “туйлын” гэж үзэж үхэлдэн булаацалддаг балай тогтолцоо ганцхан Монголд л байдаг юм. Харин хариуцсан ажил үүргийнхээ чиг шугамаар давуу эрх эдэлнэ гэсэн үндэслэлийг Монтескьё хэлсэн юм. Ухаандаа УИХ нь хууль тогтоох чиглэлээр, гүйцэтгэх засаглал нь эдийн засгийг удирдах чиглэлээр, шүүх засаглал нь хяналт тогтоох чиглэлээр давуу эрх эдэлнэ гэсэн ойлголт юм. Харин манайхыг “холимог хуурган” тогтолцоо гэж болно.
 
4. Гүйцэтгэх засаглал гэдэг нь ерөнхийлөгч, ерөнхий сайдыг хэлнэ. Туйлын ерөнхийлөгчийн юм уу эсвэл туйлын парламетын засаглал Монгол Улсын нийгмийн ухамсрын нөхцөл байдалд таарахгүй. Туйлын парламентын засаглал гэж ерөөсөө хаана ч байхгүй. Тэгэхээр ерөнхийлөгч давамгайлсан франц загвар, ерөнхий сайд давамгайлсан герман загварын аль нэгийг жишиг болгон авах шаардлагатай байгаа юм. Энийг бүх ард түмний референдум хийж шийдэх ёстой. Энэ хавар амжуулж хийгээд тогтолцооны өөрчлөлтийг шинэ парламентад үүрэг болгон үлдээвэл тохирно гэж бодож байна. Яг одоо хийх онц чухал ажил бол дордуулсан долоон өөрчлөлтийг цуцлах явдал юм. Энэ долоон өөрчлөлтийг ашиг сонирхлоор  хийгдсэн гэж олон хүн үздэг, би ч тийм бодлоор хийсэн нийтлэлээ дахин толилуулъя.
 
http://www. sonin.mn/blog/tserenkhuu/50671
 
2000 онд Үндсэн хуульд хийсэн бусармаг өөрчлөлтийг эхлээд засах ёстой
 
Дордохын долоон заалт юун тухай гэдгийг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Титэм хуулийнхаа үнэ цэн, үйлчлэх хүрээ, эрхэмсэг дээд чанарыг дордуулсан долоон өөрчлөлт нь АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг тухайн үеийн Ерөнхийлэгч долоон удаа буцааснаас сэдэлттэй гэдгийг ч хүмүүс андахаа больсон. Долоогийн сэдэлттэй, долоон өөрчлөлтийн долоон булчирхайг дэлгэе хэмээн бодож энэхүү нийтлэлийг тэрлэв. 
 
1. Улс орны нийгэм эдийн засгийн шийдэгдээгүй асуудлууд дээвэртээ тултал хуримтлагдаж, УИХ нь хэлэлцэхээр тогтож төлөвлөсөн асуудлуудаа чуулганы хугацаанд багтааж шийдэх чадамжаа алдлаа. Энэ нь УИХ-ын ээлжит чуулган хагас жилд 75 хоног хуралддаг байсныг дордуулан өөрчилж 50 хоног болгосонтой шууд холбоотой.
 
2. Гишүүд хуралдаа суухаа больж, ирц хангалтгүйд ундууцсан улс төрийн зарим бүлэглэл, улс ард түмний төсөв зэрэг чухал асуудлыг ирцгүй додомдохыг эсэргүүцэн хурал хаян гарч явдаг болсон. Энэ нь доод зах нь 51 гишүүнтэй хуралддаг байсныг дордуулан өөрчилж 39 болгосноор ирцийн босго намссан юм чинь надтай, надгүй болох л байлгүй гэсэн залхуу сэтгэлгээгээр гишүүд хурлаа тасалдаг болсонтой шууд холбоотой. Маш чухал асуудлыг ч гэсэн ердөө 20 хүн кноп дарахад л батлагдахаар нөхцөл бүрджээ.
 
3. Онол, арга зүйн хувьд үндэслэл муутай, концепци байхгүй, заримдаа ард түмний язгуур эрх ашигт илт харшилсан сөрөг хуулиуд байнгын хороодоос УИХ-д байнга орж ирдэг болсон. Чанаргүй, шударга бус хууль гарах болсон шалтгаан нь байнгын хорооны 17 гишүүний ес нь ирээд таван гишүүн олонх болон батлахад л хангалттай болгон дордуулж өөрчилсөнтөй шууд холбоотой.
 
4. УИХ-ын гишүүд албан тушаалаар хөөцөлдөх нь эх захаа алдсан. Төрийн саарал ордонд цагаан захтнуудын ХАР ЗАХ нээгдсэн. Сайдын сэнтийд УИХ-ын гишүүн болгон горилж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх албан тушаалын үнэ хаялцуулах бирж далд сүлжээгээр байгуулагдсан. Сайдын сэнтийн үнэ хагас сая долларт хүрснийг хэн хүнгүй мэдэх болжээ. Сайд болчих боломж мөнгөтөй, бэлтэй хүн бүрийн өмнө чөлөөтэй нээгдсэний уршгаар, өнөөдөр Засгийн газраа бүрдүүлээд, маргаашаас нь огцруулах ажилдаа ханцуй шамлан ордог  эрүүл биш байдал үүсэж, эцэс төгсгөлгүй албан тушаал ярьж сууцгаадаг болсон. Энэ нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт оруулж үндсэн хуулиа долоон дордуулж өөрчилсөнтэй шууд холбоотой.
 
5. Үндсэн хуулийн 68.1-д, үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг ҮХЦ-ийн УИХ-д өргөн мэдүүлж болно гэсэн заалтыг зөрчсөн юм. Цэцийн дарга Н.Жанцанг УИХ-ын үүдний өрөөнд урьдчилан бэлдэн суулгаж байгаад өөрчлөлтийг хэлэлцэх үед УИХ-ын дарга Р.Гончигдорж Н.Жанцанг дуудан санал оруулуулж, үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан байдаг. Түүний дараа Цэцийн зарим гишүүн гомдол гаргаж, дүгнэлт гараагүй асуудлыг Цэцийн дарга УИХ-д санал оруулах эрхгүй гэж үзэж, улмаар УИХ-ын шийдвэр хүчингүй гэсэн дүгнэлтийг дунд суудлын хуралдаанаас гаргасан юм. Гэвч УИХ, Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гээд хүлээж авалгүй, дунд суудал балчирдсан гэсэн үг. Энэ нь бас л үндсэн хуулиа  зөрчсөн процедурын алдаа байв.
 
Төрийн гурван өндөрлөг гэдэг нь төрт ёсны гурван засаглал юм
6. ҮХЦ-ийн их суудал 2000 оны 11 дүгээр сарын 29- нд хуралдаж, дунд суудлын дүгнэлтийг хэвээр үлдээн, УИХ-ын шийдвэрийг үндсэн хууль зөрчсөн учир хүчингүй гэсэн дүгнэлт гаргасан юм. Гэтэл УИХ-аас ҮХЦ өргөн мэдүүлж болно гэсэн нь заавал гэсэн үг биш, хоёрдмол утгатай гэсэн гүжирдлэгийн тайлбар хийгээд хүлээж аваагүй. ҮХЦ өргөн мэдүүлж болно гэсэн нь өөр субьект мэдүүлж болохгүй гэсэн логик утгатай, бусад улс оронд ч үндсэн хуулийн зарим тайлбар дээр логикийн арга хэрэглэдэг гэж хуульчид мянга тайлбарлаад нэмэр болоогүй. Ийнхүү үндсэн хууль зөрчсөн дордохын долоон өөрчлөлтийг одоог хүртэл хууль бусаар мөрдсөөр, давхар дээлээ нөмөргөсөөр, хурлын ирцээ бүрдүүлж чадахгүй мунгинасаар, цөөн гишүүнээр гул бариулан шударга бус шийдвэр баталсаар өнөөдрийг хүрч байгаа нь факт юм. Буруу төрийн шийдвэр буруу байдаг нь ил тодын хууль, өршөөх хуулиар нотлогдлоо. ҮХЦ нь үндсэн хуулиа хамгаалж чаддаггүйн тод жишээ бол энэ. Иргэн Ламжав үүнд бухимдан ҮХЦ бол хөгшин арслан хэмээн нэрлэж байв.
 
7. Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтийг Р.Гончигдорж, Н.Энхбаяр нар үгсэн санаачилж, Цэцийн дарга Жанцанг УИХ-ын үүдний танхимд урьдчилан бэлдэж суулгасан ба цэц “санал оруулж болно” гэдэг заалтад эцсийн тайлбар өгөхгүй байгаа гээд олон олон факт, энэ ажиллагаа эхнээсээ хуйвалдааны шинжтэй байсан гэдгийг нотолдог юм билээ. ҮХЦ-ийн наад зах нь гурван гишүүн үндсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулах процедурыг ойлгодоггүй  юм билээ гэж иргэн Ламжав нотолдог юм. Тэрбээр Цэцийн гишүүн нэг бүртэй уулзаж ярилцсан хүний хувьд мэдэж л байгаа гэж итгэж байна.
 
Дүгнэлт
 
Клептократууд (төрийн хулгайчид)-ын ашиг сонирхлоор хийгдсэн үндсэн хуулийн бэсрэг хувьсгалын үр дагаврыг арилгаж, Монголын ард түмэн дордохын долоон булай, булхайгаас үндсэн хуулиа цаг алдалгүй цэвэрлэж авах ёстой. Титэм хуульд өөрчлөлт оруулах асуудлыг цаашид ард түмний итгэлийг бүрэн алдсан одоогийн төр засаг хийх чадамжгүй, ард түмний саналгүй хийсэн өчүүхэн ч болов өөрчлөлтийг хулгай, луйвард тооцож байх нь шударга ёсонд нийцнэ.
 
Түүнээс гадна үндсэн хуулийн хяналтын Цэц гэх тусгай байгууллагатай, дэлхий дээрх цорын ганц улс бол Монгол. Орос улсад бол мэргэжлийн шүүгч нараас бүрдсэн Конституционный Суд үндсэн хуулиа хамгаалж байдаг. Бусад оронд дээд шүүх нь зарим парламент хөгжсөн оронд анхан шатны шүүхүүд нь энэ хяналтыг хэрэгжүүлдэг. Ардчилсан гэх чимэгтэй одоогийн төр, аномаль (төрөлхийн гажиг) алдаагаа өөрөө засах учиртай. Үндсэн хуулийн ийм манаачтай байснаас манаачаа халаад функцыг нь дээд шүүхдээ шилжүүлбэл шүүх засаглалын нэр хүнд дээшлэхэд ч гэсэн нэмэр болох байх гэж бодож явдаг. Дээд шүүхийн шийдвэрийг бол хэлэлцэхгүй, гагцхүү хэрэгжүүлнэ. Төрийн гурван өндөрлөг гэдэг нь Ц.Элбэгдорж, Н.Энхболд, Ч.Сайханбилэг нар биш ээ, тулгын гурван чулуу шиг төрт ёсны гурван засаглал юм. Энэ нь хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал юм. Төрийн гурван өндөрлөгийн нэг болох шүүх засаглал нь өршөөх хуулийг зургаан цаг хэлэлцээд хэрэглэж болохгүй гэсэн шийдвэр гаргачихаад байхад мэргэжлийн бус Цэц хянана гээд сууж байдаг, ийм дампуу ажиллагаа цааш үргэлжилбэл тусгаар тогтнол ч ганхаж мэднэ гэсэн сэрэмжлүүлэг үнэний хувьтай.
 
Зөвхөн нийгэм зүйн талаас нь харж бичлээ. Хуульчид эрх зүйн үндэслэлийг нь илүү сайхан гаргаж ирэх байхаа.
 
Ирж байгаа цагийн дууг өнгөрсөн үеийн өтгөс дуулдаг юм биш!
 
Социологич, памфлет нийтлэлч  И.Цэрэнхүү

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602279
1 эможи

keyboard_arrow_up