БАЙНГЫН ХОРОО: ЖДҮХС-гаас 300 сая төгрөгөөс дээш зээлийг банкаар авахыг дэмжив

2019 оны 4 сарын 12

Arslan.mn

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2019.04.11) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Дэд хорооны дарга Ж.Ганбаатар хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөл болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөр”-ийг хэлэлцэхээр болсныг гишүүдэд танилцуулав.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, тус яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төслийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, журмын төслийг одоо мөрдөгдөж байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль, УИХ-аар хэлэлцэж байгаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай  хуульд нийцүүлэн боловсруулсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөлд зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллагын төлөөлөл нэг байсныг гурав болгон нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авахад тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр нь салгах, төсөл хүлээн авах хугацааны товыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх зэрэг шат бүрийг нь нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн гэж байлаа. 

 Мөн зээл авсантай холбогдуулан байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус сангаас олгосон зээлийн даатгалыг нарийвчлах, цахим хэлбэрт шилжүүлж хялбаршуулах, эцсийн шатны сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болгох, онооны системээр дүгнэх, зээлд хамрагдахгүй байх тохиолдол бүрийг нэг бүрчлэн нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдав. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Х.Болорчулуун, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ  нар асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн. Ажлын хэсгийн зүгээс гишүүдээс гаргасан саналыг уг журмын төсөлд тусгахаа мэдэгдэж байлаа.

    Гишүүдийн зүгээс 300 сая төгрөгөөс дээш зээлийг зохих шаардлага хангасан банкаар, түүнээс доош төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн шилэн сонгон шалгаруулалтаар олгох шаардлагатай гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602181
1 эможи

keyboard_arrow_up