ЧУУЛГАН: Боловсролын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр хийсэн бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос энэхүү хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах гормын санал гаргасан байна. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь байнгын хорооны саналыг дэмжиж, баталснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.
УИХ-аас 2018 оны зургаадугаар сарын 21-нд баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд сум, дүүргийн Засаг дарга нар төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөхөөр хуульчилж, энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэхээр болсон. Гэвч хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах, бусад хуультай уялдуулах үүднээс хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оны долдугаар сарын 01 хүртэл хойшлуулах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Цогзолмаа нар уг хуулийн төслийг боловсруулсан байна.