Элчин сайд Майкл Клеческиг хүлээг авч уулзлаа

2019 оны 4 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээг авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, Монгол оронд тавтай морилон саатахыг хүслээ.

Ноён Элчин сайд Майкл Клечески УИХ-ын даргад талархал илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс АНУ-ыг өөрийн гуравдагч итгэлт хөршөө гэж үздэг бөгөөд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэхэд эхнээс нь ямагт дэмжин тусалж ирсэнд нь талархаж байдгаа илэрхийлэв.

Түүнчлэн 2018 он хоёр улсын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой болсныг дурдаад, хоёр талын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн, Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээний хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Майкл Клечески Монгол, Америкийн харилцааг Вашингтонд өндрөөр үнэлж, ач холбогдол өгч байдгийг дурдаад, энэхүү харилцаагаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх зорилтуудыг байнга дэмжиж ажиллахад бэлэн байна гэлээ. Тэрбээр УИХ-аар саяхан баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар сонирхсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай иргэд шүүх засаглалаа нэлээд шүүмжилж байгаа. Тэнд хүний эрхийг зөрчих, шударга, ёс зүйтэй ажиллах зарчмаа хөсөрдүүлэх, иргэдэд биш албан тушаалтанд үйлчлэх явдал байгаа нь баримтаар нотлогдож байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг тогтоох нь бидний үндсэн зорилт юм. Ард түмний маань хүсэл эрмэлзэл ч ийм байгаа. Тиймээс шүүх, хуулийн байгууллагын зарим албан тушаалтнуудын Монгол Улсын хууль, бидний нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох ёстой. Авлигад идэгдэж, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг алдагдуулж байгаа шүүх, АТГ, прокурор зэрэг байгууллагын зарим албан тушаалтны үйл ажиллагаа Монголын залуу ардчилалд ноцтой заналхийлэл учруулж байна. Бие биедээ хуулийн хяналт тавьж байх ёстой хуулийн байгууллагууд өөрсдийгөө хамгаалагч, хууль бус үйлдлээ хаацайлагч болж хувирсан. Энэ буруу тогтолцоог өөрчлөх ажлыг бид хийж байгаа юм. Цаашид бие даасан, хараат бус, нээлттэй, шударга шүүх засаглалтай болохыг зорьж байна. Бидний хуульд хийсэн өөрчлөлт Үндсэн хуулийг зөрчөөгүй, шшүхийн байгууллагын хараат бус байдалд нөлөөлөх эрх хэнд ч байхгүй” гээд Шүүх засаглалын тогтолцоо, хууль тогтоомж, томилгооны талаар тайлбарлав.

Уулзалтын үеэр Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх, төрийн албанд шинэтгэл хийх, шинээр мөрдөгдөж эхэлж байгаа Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх асуудлыг хөндөж ярилцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ чиглэлд АНУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлэв. Мөн Зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэхэд Азийн сан зэрэг байгууллага дэмжлэг үзүүлж байгааг дурдаад, 2017 онд явуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх Зөвлөлдөх санал асуулга амжилттай болсныг тэмдэглэлээ.

Тэрбээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төсөл төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагаанд чухал үр нөлөөтэй байгааг онцолсон юм.

Түүнчлэн төрийн албаны тогтвортой байдлыг хангах, улс төрийн нөлөөнөөс ангид, мэдлэг чадварт суурилсан, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлж, хууль баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулав.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар “Удахгүй эхлэх ээлжит чуулганаар энэ асуудлыг ярихаар төлөвлөж байна. Өөрчлөх ёстой гэдэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн дийлэнх олонхийн санал нэгдэж байгаа. Гэхдээ чухам юуг, яаж өөрчлөх асуудалд маш нухацтай хандах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг бараг 20 шахам жил ярьсан. Одоо цаг нь болсон” гээд, Засгийн газар тогтворгүй, засаглалын институцүүдийн харилцан хяналт тэнцэл зохистой биш байгааг өөрчлөх ёстой гэж үзэж байгаагаа тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголын ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх хуулийг дэмжиж ажиллахыг Элчин сайдаас хүссэн бөгөөд Элчин сайд Майкл Клечески “Конгресс, Сенат ямар шийдвэр гаргахыг одоогоор тааж мэдэхгүй ч Элчин сайдын хувиар Монгол Улстай тогтоосон худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх аливаа санаачилгыг дэмжиж ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн шүүх засаглалаа шинэчлэх Та бүхний эрмэлзлийг дэмжиж, АНУ-ын мэдлэг туршлагаас хуваалцах, шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудыг сургах, давтан сургахад бэлэн байна гэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурал,  АНУ-ын Конгресс болон Сенат хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж, туршлага солилцох, парламент дахь бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх нь чухал гэдэгт санал нэг байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Майкл Клечески нар илэрхийлэв.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601759
0 эможи

keyboard_arrow_up