УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргалаа

2019 оны 3 сарын 26

Arslan.mn

"УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа.

Захирамжаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ.

Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш, “дээрээс” ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулах үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.

Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна.

Үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан болно.

Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” гэж дурдсан байна.

Хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601499
1 эможи

keyboard_arrow_up