Д.Сарангэрэл: H1N1 вирусийн улмаас насанд хүрсэн долоон хүн нас барсан
Томуугийн халдвар их байна, халдварын улмаас хүүхдүүд олон тоогоор эндэж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгаа. Мөн өнөөдрийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эрүүл мэндийн салбарт томуугийн дэгдэлт их байгаа талаар үг хэлсний дараа ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл үг хэлж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ханиад томуунаас болж олон хүүхэд эндлээ гэж Ё.Баатарбилэг гишүүн ярьж байна. Одоогийн байдлаар Н1N1 вирусээр хүүхэд эндсэн тохиолдол гараагүй байна. 2017, 2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийсэн нь үр дүнгээ өгч байна гэж харж байгаа.
Өнөөдөр 20, 30 жил УИХ-д ажиллаж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүс та бүхэн тэр 20, 30 жилдээ сайжруулсан түлшний үйлдвэрээ барихгүй яасан юм бэ, хүүхдүүддээ хангалттай ортой эмнэлэг барьчихгүй дээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулсан. Энэ салбарынхны хөдөлмөр зүтгэлийг доромжилсон Ё.Баатарбилэг гишүүн уучлал гуй.
Өнөөдрийн байдлаар H1N1 вирусийн улмаас улсын хэмжээнд насанд хүрсэн долоон хүн нас бараад байгаа. Улаанбаатарт дөрөв, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр нэг иргэн томуугийн вирусийн халдвар авч нас барсан.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|