УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг хэвээр үлдээлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, үг хэлж дууслаа.
Одоо хуулийн дагуу нууц санал хураалт явуулах гэж байна. Тиймээс УИХ-ын дарга нууц санал хураалтыг цаасаар авах уу, цахимаар явуулах уу" гэдэг санал гаргалаа. Гишүүдийн 94.7 хувь нь цахимаар нууц санал хураалт явуулахыг дэмжив.
Ингээд байнгын хорооны саналаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье гэдэг санал хураалт явууллаа.
Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувийн саналаар дэмжлээ.