УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Их хурлыг тараах тогтоолд гарын үсэг зурлаа
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах тогтоолын боловсруулаад буй. Үүндээ гишүүдийн дэмжлэгийг хүсч, чуулганы танхимын үүдэнд самбар байрлуулан гарын үсэг цуглуулж байгаа билээ.
Энэхүү самбарт АН-ын долоон гишүүн анх гарын үсэг зурсан бол дараа нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар нэмэгдсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уг тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарыг үсэг зурлаа. Түүний дараа МАН-ын бүлгийн 2-3 гишүүн мөн гарын үсэг зурах гэж байгааг намын бүлгээс мэдэгдэв.
УИХ-ыг тараахыг дэмжиж гарын үсэг зүрсны дараа Ж.Бат-Эрдэнэ гишүүн товч мэдээлэл хийлээ.
-Та гарын үсэг зурах болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийнхөө албан бланк дээр УИХ-ыг тараах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Би тэнд гарын үсгээ зурсан. Сүүлийн үед улс төр гарцгүй байдал руу орж байна. Төр засагтаа итгэх ард түмний итгэл алдарлаа. Тиймээс улс төрчид ард түмний шүүлтүүрээр дахин орвол яасан юм бэ. Нэг хэсэг нь шударгын туйл нөгөө хэсэг нь бузар булайгийн туйл болчихлоо. Тэгээд шударга юм болов уу гээд харахаар үгүй юм. Ард иргэдийн авах ёстой ждүийн мөнгийг өөрсдөө авчихсан байх юм.
Талбайд жагсаж ард түмнийг турхирч МАНАН гэж өчнөөн ярилаа. Ард түмэнд хандан хэлж буй зүйл нь арай дэндлээ. Мафижсан төр гэж их ярих болсон. Үнэхээр тийм бол Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь юу хийгээд байгаа юм бэ. Яагаад учрыг нь олж чадахгүй байгаа юм. Сая том ажиллагаа болсон. Татвараа авч чадаагүй нь төр ажлаа хийж чадаагүйн илрэл. Сангийн сайдтайгаа учраа ол. Үнэхээр хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй бол Хууль зүйн сайдтайгаа учраа ол. Хуулийнхаа дагуу асуудлаа шийдээд ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Хэн чанга дуугарсан нь, шударга дүр эсгэсэн нь, бузар булай асуудлыг нэгэн рүүгээ нялж чадсан нь шударга нэр зүүж болохгүй.
Нөгөөтэйгүүр би өнөөдрийн улс төрийн байдалд сайн дүн тавимаар байна. Эдгээр үйл явдал нь нийгэм цэвэршихын нэг алхам юм. Манай намын хагарал эрх мэдлийн төлөөх хагарал. Ерөнхий сайдад таалагдахгүй бол намынх нь бага хурал дээр шүүж байна. Үнэхээр намд асуудал байвал нам дэрээ ярих хэрэгтэй. Улс төр болгож болохгүй. Зөвшилцөлд очих ёстой.
-Улс төрийн байдал гацаанд байна гэлээ. Хэлэлцээд нэг талд нь шийдвэр гаргаж болохгүй байгаа юм уу?
-Эрх мэдлийн төлөөх хагарал шүү дээ. Хэрэв үнэхээр Ерөнхий сайд нь ажиллаж чадахгүй болохгүй байгаа бол намынх нь бага хурал дээр шүүе, хэрэв намын дотор болохгүй асуудал байгаа бол дотроо л яръя, улстөр лүү нялах хэрэггүй.
Төр цэвэр байхын үндэс нь нам цэвэр байх. Намын дотоод асуудал ч цэвэр байх ёстой. Ингэж байж дамжин орж ирж буй гишүүд цэвэр байна. Ард түмэн болиоч гээд байхад хүчээр зүтгээд гүрийж байхаар эргэж очоод дүнгээ тавиулаад ирэх нь дээр болов уу.
Би 2016 оны сонгуульд орохдоо жижиг, дунд үйлдвэрийг ярьж орсон. Бид тойрогтоо эргээд очихдоо нэг байшин будсан, дотуур байр зассан, нэг эмнэлэг зассан гэж ярьж очмооргүй байна. Бид ард түмний амжиргааг дээшлүүлсэн, хэдэн хүнийг ажилтай болгосон, ямар нийгмийн үйлчилгээ, хэдэн хүний ажлын байр бий болгосон гэдэг хэмжигдэхүүнийг ярьдаг больё гэж бодсон.