УИХ-ын гишүүд бойкотоо чуулганы танхимд үргэлжлүүлж байна
Улсын таван гишүүн Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан чуулганы танхимын үүдэнд суулт зарласан талаар өмнө нь мэдээлсэн билээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсны дараа чуулганы хуралдаанд оролцоно гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр огцрох боломж хуулийн хүрээнд бий. Суудалдаа шигдээд байж болох ч Монголын ард түмэн хүлээж авч байна уу үгүй юу гэдгийг өөрөө судалж үзэх хэрэгтэй. М.Энхболдод Их хурлыг удирдах ёс зүй байхгүй” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Гишүүд бидний тэмцэлд нэгдвэл “М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэсэн бичгийг чуулганы танхимын ширээн дээрээ тавьж болно. Таван гишүүн нэгдэж энэ уриалгыг эхлүүлж байна. Бид УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүн бойкот хийх эрхтэй” гэв.
Ийнхүү гишүүд чуулганы танхимын үүдэнд бичиг барьж суулт хийж байгаад удалгүй чуулганы танхим руу орж индэрийн ард зогсоцгоов.
Энэ үед УИХ-ын дарга М.Энхболд “Та нар ард түмнээс сонгогдсон ард түмний төлөөлөл. УИХ-ын үйл ажилалааг хэвийн явуулах шаардлагатай. Та нар хэлэх юм байвал суудалдаа суугаад хэл” гэсэн шаардлага тавив.
Мөн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх ёстой. Танай намын дотоод асуудлаас бол чуулган завсарлах ёсгүй. Маргааш танай намын таван гишүүнийг прокурорын байгууллагаас шалгах гэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|