БАЙНГЫН ХОРОО: МУ-ын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
09.00 цагт эхлэх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.
11.00 цагт Өргөдлийн байнгын хороо хуралдаж, УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсох аж.
14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана. Уг байнгын хороо Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн байна.