Улсын бүртгэлийн багц хуулиуд хэрэгжиж эхэллээ

2018 оны 11 сарын 02

Улсын  Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийн танилцуулга болон холбогдох инфографикийг Та бүхэнд цувралаар хүргэж байна.

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ 

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Уг хууль 5 бүлэг, 39 зүйлтэй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тодорхойлсон бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг хуульд шинээр тусгасан болно. Үүнд:

2003 онд баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэдэггүй байсан бол шинэчлэн баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх, эд хөрөнгийн бүхий л эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, бүртгэлийн улсын хэмжээний статистик мэдээг үнэн зөв, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс салангид байдлаар бүртгэснээр газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан ихээр гардаг байдлыг өөрчилж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх, зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн /барилга, байгууламж/ өмчлөх эрхийгтүүний доорх болон орчны нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр орсон.

Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг цахим хэлбэрээр авах, бүртгэлийн байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр өгөх зохицуулалтыг хуульд тусгасан.

Улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хийх боломжийг бий болгосонтой холбогдуулан нотариатч нь улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр бүртгэлийн мэдээллийн санд хандаж, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс цахим бүртгэл хийх, зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.

Иргэний хуультай нийцүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбоотой бусад эрх үүсэхээр хуульчилж, улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгохоор тусгалаа.

Газар, эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд иргэн, хуулийн этгээдийг төрийн байгууллага хооронд явуулж чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор иргэнээс газар эзэмших, ашиглах хүсэлтийг газрын албанд гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дундын мэдээллийн санд хуульд заасан мэдээллийг оруулсны үндсэн цахимаар мэдүүлэг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага дундын мэдээллийн санд нэвтэрч уг мэдээллийг нягталж, шалгаад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаарыг дундын санруу илгээх бөгөөд газрын алба, газрын даамал улсын бүртгэлийн дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тусган иргэн, хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан.

Өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдлийг бууруулах нөхцөлийг хангахын тулд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар иргэд төрөөс чирэгдэлгүй, хурдан шуурхай, цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэх, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн талаар улсын нэгдсэн бүртгэлтэй болох, улсын хэмжээний статистик мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарах, газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдах ач холбогдолтой.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596814
0 эможи

keyboard_arrow_up