ИНФОГРАФИК: Улсын бүртгэлийн багц хуулиуд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

2018 оны 11 сарын 01

 Улсын  Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийн танилцуулга болон холбогдох инфографикийг Та бүхэнд цувралаар хүргэж байна.
ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Энэхүү хууль нь нийтлэг үндэслэл, иргэний улсын бүртгэл, иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан, хүн ам, өрхийн болон сонгогчийн бүртгэл зэрэг 6 бүлэг 30 зүйлтэй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн, өнөөгийн бодит шаардлага болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг хуулиар бүрдүүлсэн ба дараах зарчмын шинжтэй асуудлыг хуульд тусгасан. Тухайлбал:

-Хуулийн төслийн нэрийг Иргэний улсын бүртгэлийн тухай хууль гэж өөрчилж, хуульд оновчгүй хэрэглэсэн болон тодорхойлох шаардлагатай нэр томьёог Улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуультай нийцүүлэн тодорхойлсон;

-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1-д заасан бүртгэл болон хуульд шинээр нэмэгдэж байгаа бүртгэл тус бүрээр иргэдээс бүрдүүлэх баримт бичиг, бүртгэх байгууллага, бүртгэл хийх журмыг нарийвчилж, тохиолдол бүрээр тогтоосон. Ингэхдээ иргэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтаас бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээлэл бүхий баримт бичгийн хуулбар, лавлагаа зэрэг 3-4 төрлийн баримт бичгийг хасаж, улсын бүртгэгч мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэл, нотлох баримт бичигт үндэслэн бүртгэлийг хөтлөх, түүнтэй холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан.

Мөн иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх одоо мөрдөгдөж байгаа хугацааг хэвээр хадгалж, иргэний бүртгэлийн байгууллагаас баримт бичгийг хүлээн авч бүртгэлийг хөтлөх хугацааг судалгааны үндсэн дээр боломжит байдлаар тогтоож, бүртгэл тус бүрийн хугацааг хуульд тодорхой заасан;

-Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний иргэний улсын бүртгэлийн асуудлыг холбогдох бусад хуультай нийцүүлэх чиглэлээр бүртгэл тус бүрт өөрчлөлт оруулсан;

-улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын иргэний бүртгэл хариуцсан ажилтны иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааг тодорхой болгон өргөжүүлж, зарим төрлийн иргэний улсын бүртгэл хийх боломжийг шинээр бүрдүүлсэн;

-шилжилт хөдөлгөөн, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, хүйс өөрчлөгдсний, овог, нэр өөрчлөлтийн бүртгэлээс бусад бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэх;

-зарим төрөл (овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөний, гэрлэлт цуцалсаны, үрчилсний)-ийн бүртгэлд бүртгэлийн гэрчилгээг олгодог зохицуулалтыг хасаж, зөвхөн төрсний, гэрлэсний, нас барсны бүртгэлд гэрчилгээ олгож байхаар, бусад бүртгэлд зөвхөн лавлагаа олгох;

-иргэн овог, эцэг /эх/-ийн нэрийг хуульд заасан үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргах, өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор, мөн бүртгэлийг хөтлөхөд Засаг даргын шийдвэрийг үндэслэдэг байсныг өөрчилж, бүртгэлийг улсын бүртгэгч бүртгэх;

-иргэнийг сураггүй алга болсонд тооцсон гэж шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгэх;

-оршин суух хаяггүй иргэний хүсэлт мөн хүмүүнлэгийн тусламж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүсэлтийг үндэслэн байгууллагын хаяг дээр бүртгэн иргэний үнэмлэх олгох;

-энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жилийн хугацаатай олгох зэрэг харилцааг тусган хуульчиллаа.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон тул хууль санаачлагчид буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

Мөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан.

 

Улсын Их Хурлын Тамгын газар

 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596802
0 эможи

keyboard_arrow_up