УИХ-ын Тамгын газар ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулав
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ “…эрүүл монгол хүн л Монголын ирээдүйг бүтэн, зөв авч явж чадна... “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг сэргээж, жилд нэг удаа бүх монгол хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг болмоор байна. Бүх шатанд ажил олгогчид ажилтнуудаа үзлэг оношилгоонд хамруулдаг, зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг болъё” хэмээн дурдсан.
Энэ дагуу УИХ-ын Тамгын газар ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа. Тус байгууллага 2017 оны 11 дүгээр сард Улсын 2 дугаар төв эмнэлгийн үзлэг оношлогоонд нийт ажилтнуудаа хамруулж байсан бол энэ жил Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажилласан байна.
Хавдар судлалын үндэсний төвийн лабораторийн мэргэжилтнүүд энэ сарын 08-ны өдөр Төрийн ордонд ажиллан УИХ-ын Тамгын газрын бүх хэлтэс, нэгж болон УИХ-ын даргын ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын албаны 200 гаруй ажилтнаас клиник, биохимийн шинжилгээ авсан. Уг шинжилгээнд хамрагдсан ажилтнууд 10 дугаар сарын 20, 27-ны өдрүүдэд Хавдар судлалын үндэсний төвд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж, хэт авиан оношлогоо хийлгэлээ.