ИНФОГРАФИК:Конвенц соёрхон батлах тухай хуулийн танилцуулга
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд одоогоор 121 улс уг байгууллагад гишүүнээр элсжээ.
Уг байгууллага нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой үүссэн маргааныг түр арбитр байгуулан хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай байгууллага юм. Гишүүн орон нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрын үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Шүүхийн гишүүнээр сонгож болно. Тус байгууллага нь маргалдагч талууд хэн байхыг үл харгалзан түр болон хувийн арбитраас хямд өртөгөөр маргааныг зохицуулах зорилготой бөгөөд тус байгууллагын Олон улсын товчооны хуулийн ажилтнууд гишүүн улсдаа арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээллээр ханган ажилладаг байна.
Монгол Улс Арбитрын байнгын шүүхийн гишүүн болсноор жилд 1071 еврогийн төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь гишүүн улсуудтайгаа хамтран олон улсын арбитр болон маргаан шийдвэрлэх чиглэлээр төрийн албан хаагч, хуульч болон бусад мэргэжилтнүүдийг сургах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тухайн орнуудад хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход туслалцаа дэмжлэг үзүүлдэн ажилладаг тул гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад худалдаа өргөжиж байгаа үед аливаа маргааныг хямд өртгөөр зохицуулах арбитрын байнгын шүүхийн гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзлээ.