Д.Тэрбишдагва: Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах чиглэлд хичнээн төгрөг төсөвлөсөн бэ?
Өнөөдөр /2018.10.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
“2018 онд орлого нэмэгдсэн ч төсвийн тодотгол хийгдээгүй нь сайн жишиг гэж үзэж байна. 2019 онд орлого зарлагын хэмжээ ямар байгаа вэ? Тодотгол хийгдэхгүй байж чадах уу? Төсвөө хөгжлийн бодлоготой уялдуулан хэлэлцмээр байна. Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол болон түгжрэл гэсэн 2 том асуудал байна. Үүнийг шийдвэрлэх боддлогын ажил юу байна вэ?”
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулсан юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
“Төсвийн хүрээний үндсэн үзүүлэлтийг хийхдээ олон улсын эдийн засгийн төлө. байдлыг нилээн прогноз хийж боловсруулсан. Ер нь эдийн засагт өөдрөг байдлаар хандаж байгаа. Тодорхой эрсдлүүд байгаа хэдий ч зөв бодлогоор авч явна гэж төлөвлөсөн. Манай улсын эдийн засгийн бодлого зөв явж байгаа. Өнгөрсөн удаад улсын зээлжих зэрэглэл 5 шать дараалан буурсан. Гэхдээ 2 шат ахиад явж байна. Харин түгжрэлийн хувьд хэд хэдэн төсөл хэрэгжээд бүтээн байгуулалт хйигдэж байгаа. Зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд ирэх онуудад ч шийдвэрлэгдэх ажлууд тасралтгүй үргэлжилнэ. Хамгийн гол нь түгжрэлийг бууруулах чиглэлд эдийн засгийн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Их дээд сургуулиуд хотоос гарвал улсаас төтөөс өгдөг байх, зам дээр машин байрлуулбал өндөр торгууль төлөх гэх мэт эдийн засгийн аргаар шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд улсын төсөвт 147 тэрбум төгрөг суулгаж өгсөн.”
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:
“Агаарын бохирдлын эсрэг хөтөлбөр гаргаад ажил хийгдээд явж байгаа. 2019-2020 оны өвөл мэдэгдэхүйц үр дүн гаргахаар дээрх мөнгөн дүнг суулгасан. Үр дүн гарч, нүдэнд харагдаж мэдрэгдэхүйц ажил хийгдээд явна.”