ЧУУЛГАН: Хайгуулын лиценз болон бусад татварын орлогоос аймгуудад 158 тэрбум төгрөг хуваарилна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 9 хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Мөн “УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болгосон тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ. Эдийн засгийн идэвхжилийг дэмжих төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас ирэх онд төсвийн зарлага өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс 2019 онд Монгол Улсын нэгдсэн төсөв 9.9 их наядын орлоготой, 11.5 их наядын зарлагатай байхаар тооцсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Ирэх онд хайгуулын лицензийн 50 хувь, агаарын бохирдлын төлбөрийн 50 хувь, газрын тосны лицензийн төсвийн 30 хувийг тухайн аймаг өөрсдөө бие даан зарцуулах эрх олгохоор төлөвлөж буйг Б.Бат-Эрдэнэ гишүүн дурьдлаа. Энэ хүрээнд орон нутагт нийт хэдэн төгрөг хуваарилахыг тодрууллаа.
Дээрх зохицуулалтын хүрээнд нийт 158 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.
Харин Ж.Мөнхбат, М.Билэгт нарын гишүүн малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулах хуулийн төслийг ирэх оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх байсныг 2020 он хүртэл хойшлуулах болсон шалтгааныг асуув. ХНХ-ын сайд С.Чинзориг, “ОУВС-гаас Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Тиймээс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор түр хойшлуулсан” гэсэн тайлбар өглөө.
Түүнчлэн Н.Учрал гишүүн, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг УИХ-аас баталсан. Энэ хуульд Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулахаар тусгасан. Тиймээс ирэх жил уг санг байгуулах шаардлагатай байна”хэмээв. Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлд энэ онд хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөснийг тодруулсан юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ХНХ-ын сайдын багцад нэг тэрбум төгрөг тусгасан. Уг хөрөнгөөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох аж. Ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.