Засгийн газраас хуулийн 4 төсөл өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн хуулийн 4 төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
1. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жил ашиглаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, хуучирч муудсан, технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилт технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.
Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээрээр тохиролцсон байна. Зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байх ажээ.
2. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II” Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Төслийн 1-р үе шатны үр дүн, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих зорилгоор 2-р үе шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэхээр 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээрээр тохиролцжээ.
Төслийн зорилго нь Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сонгогдсон тусгай хамгаалалттай газар нутаг болон нийлмэл/холбоос нутгуудын (орчны бүс болон экологийн коридор, кластер) менежментийг бэхжүүлэх, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэж байгаа юм.
Төслийн нийт санхүүжилт 24.25 сая евро бөгөөд ХБНГУ-ын Засгийн газар 19.5 сая евро, Монгол Улсын Засгийн газар 13.3 тэрбум төгрөг гаргах ажээ.
3. “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Энэхүү хуулийн төслийг Талууд эцэслэн тохиролцож, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Улмаар Хонконгийн талаас 2017 оны зургадугаар сард хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Талууд 2018 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Хонконгод гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар хоёр талын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм.
2018 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын 34 иргэн Хонконгод ял эдэлж байна.
4. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”- г соёрхон батлах тухай хуулийн төсөл
Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээнүүдийг 1993 онд байгуулсан байна.
Дээрх бодлогын хүрээнд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, хоёр талын холбогдох байгууллагууд шийдвэрлэснээр 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод гарын үсэг зуржээ.
Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд 2014 онд Монгол Улсын 2 иргэнийг, 2016 онд 1 иргэнийг дипломат шугамаар шилжүүлэн авсан байна. 2018 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын 6 иргэн Казахстанд ял эдэлж байгаа бөгөөд тэдгээрээс 1 иргэн эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс