Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ энэ долоо хоногт шийднэ
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ энэ долоо хоногт шийдвэрлэхээр хүлээгдэж байна. Энэхүү хуулийн төсөлд Монголбанк гадаад гүйлгээ, валютын арилжаанд тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож болно гэж заажээ. Энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, долларжилтын түвшнийг бууруулах зорилготой юм байна. Үүнтэй холбогдох журмыг Монголбанк гаргана гэж хуулийн төсөлд онцолжээ. Мөн Монголбанк улсын хилээр орох, гарах бэлэн валютад хязгаарлалт тогтоох эрхтэй гэж хуулийн төсөлд тусгасан байна. Төлбөрийн тэнцлийг сайжруулах үүргийн засгийн газарт хүлээлгэхээр төсөлд тусгажээ. Төлбөрийн тэнцлийн алдагдал ханшид дарамт учруулдаг гэж Төв банк мэдээлж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж, 361 сая ам.долларт хүрээд байгаа юм. Мөн “Ханш уян хатан тогтох нь “шок”-оос хамгаалж, экспортын өрсөлдөх чадварыг дэмждэг. Ханшийг хүчээр барих гэж оролдох нь алсдаа илүү сөрөг үр дагавартай” гэсэн байр суурийг Төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан илэрхийлж байсан юм.