ЧУУЛГАН: Хэлэлцээрт нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон баталлаа
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.12) нэгдсэн хуралдаанаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудал хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар танилцуулсан юм.
Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдээд байгаа аж. Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалтыг өөрийн орны хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.
Иргэний нисэхийн салбар нь нийгэм эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Монгол Улс нэгдэн энэ хэлэлцээрт нэгдэж орсноор юуны өмнө агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж хялбаршуулах, ингэснээр арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур татвараас чөлөөлөгдөх боломжтой болно. Түүнчлэн агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.
Уг хэлэлцээрт Монгол Улс нэгдэж орох тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Салбарын сайд Я.Содбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газрын 2018 оны 120 дугаар тогтоолоор ерөнхий зориулалтын нисэхийн бизнесийн таатай орчин бий болгох, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, агаарын зайн зохион байгуулалтыг сайжруулах, нисэгч, инженер техникийн ажилтнууд бэлтгэх сургалтын төв, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг үйл ажиллагааны харилцан уялдаатай нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг тодорхойлж, 2018-2022 онд хэрэгжүүлэх “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан.
Монгол Улсын хууль тогтоомжид зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттай. Харин ерөнхий зориулалтын агаарын хөлгийн хувьд татвараас чөлөөлөх зохицуулалтгүй учраас “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсноор иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын хөлгийг татвараас чөлөөлөх эрх зүйн орчин бүрдэж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг тодотголоо. Мөн МИАТ компанийн зардлын 27 хувийг шатахууны үнэ эзэлдэг, иймээс шатахууны үнийг тогтвортой байлгах, хямдруулах зайлшгүй шаардлагатай байгаа, энэ чиглэлд анхаарч ажиллана. Түүнчлэн компанийн засаглалыг сайжруулах, үргүй зардлыг багасгахад анхаарч байгаа, энэ үндсэн дээр ялангуяа оргил ачааллын үед нислэгийн тоо, давтамж, суудлыг тоог нэмэх замаар нэгж суудлын үнийг бууруулах арга хэмжээ авна, ахиц гаргана гэдгээ хэлэв.
Одоогоор манай улсын иргэний нисэхийн салбарт зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг байгаа. Агаарын тээврийн байгууллагуудын хувьд өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлгийг шууд авч ашиглахад санхүүгийн хүндрэлтэй байдаг тул агаарын хөлгийг түрээсээр авч ашиглах нь түгээмэл байдаг. Одоогийн байдлаар манайх 4 агаарын хөлгийг түрээсээр ашиглаж байгаа, ирэх онд агаарын хоёр шинэ хөлгийг түрээсээр авч ашиглана. Орон нутгийн нислэгийн үнийг бууруулахын тулд өнгөрсөн онд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тусгай төслийг хоёр аймагт хэрэгжүүлж нислэгийг сэргээсэн, энэ хөтөлбөрийг ирэх жил бас хоёр аймагт эхлүүлнэ гэдгийг дурдлаа. Түүнчлэн “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газар нь Европын Холбоо, БНСУ зэрэг орны Иргэний нисэхийн удирдах газраас агаарын хөлгийн засвар, үйлчилгээ хийх эрх авч гэрчилгээжсэн, 2017 онд гадаадын 50 гаруй агаарын хөлөгт засвар, үйлчилгээ хийсэн байна гэдгийг нэмж тодотголоо.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлав.
Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаас “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.