Хүлээлт үүсгэсэн ч хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдийн гол өөрчлөлтүүд
Энэ удаагийн парламентын дөрөв дэх чуулган буюу өнгөрсөн хаврын чуулганаар эдийн засаг болоод нийгэмд эерэг өөрчлөлт авчрах олон хуулийн төсөл баталсан. Харин нийгэмд хүлээлт үүсгэсэн ч хэлэлцүүлж амжаагүй хэд хэдэн хуулийн төсөл үлджээ.
Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ус бохирдуулсны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж амжаагүй байна.
Үүнээс гадна Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулиудтай уялдуулахаар хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Эдгээр хуулийн төслийн гал өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хүргэе.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн чимээ
Олон жил ярьсан ч УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн шатанд хүрч амжилгүй намждаг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр боллоо. Уг нь энэ хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан байсан юм.
УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өнгөрсөн оны тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Үүнээс хойш нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн 320 гаруй мянган иргэний саналыг авсан байдаг. Ингээд хамгийн олон давтамжтай саналуудад тулгуурлан долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулжээ.
Тухайлбал, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, бүх шатанд хариуцлага сахилга, хяналтыг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах зэрэгт голчлон чиглэсэн байна. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага, хуралдаандаа оролцож буй идэвх, ёс зүйн асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй зэрэгцэн гишүүн асан Д.Гантулгын нэр холбогдсон хэрэгтэй холбоотойгоор гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал улам хурцадсан гэхэд болно. Тиймээс ч УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулах үүднээс өөрийн биеэр санал хураалтад оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах заалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Эргэн сануулахад, уг заалтуудыг УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд тусгасан байсан ч УИХ-аар хэлэлцэх явцад Үндсэн хуультай зөрчилдсөн хэмээн хассан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүний насны доод хязгаарын босгыг өндөрсгөж 30 болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Мөн Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн нэг хэмээгддэг давхар дээлний асуудлыг гуравны нэгээр хязгаарлах, ээлжит чуулган 50 хоног хуралдаж байгааг 75 болгох, хуулийг эцэслэн батлахдаа УИХ-ын гишүүдийн олонхын саналаар батлах, УИХ үүргээ биелүүлж чадахгүй бол тарах зэрэг заалтуудыг тусгажээ.
Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосны дагуу шүүгчдийг томилдог. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон шүүгчийг томилохоос татгалзсан 27 тохиолдол гарсан байна. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үед хоёр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үед дөрөв, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед 21 удаа гарчээ. Гэвч тэд татгалзсан шалтгаанаа албан бичигтээ тодорхой дурддаггүй аж. Эдгээрээс 13 шүүгчийн томилгооны асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Харин энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх байдлаар тусгажээ. Ингэснээр шүүхийн хараат бус байдлыг баталгаажуулахад анхаарч шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, үүний зэрэгцээ шүүх нь засаглалынхаа. хувьд аль ч институтээс хараат бус бие даасан байх гэнэ.
Ямартай ч уг хуулийн төсөлд эдгээр заалтыг голлон тусгасан бөгөөд ирэх намрын чуулганаар хэлэлцэж эхэлбэл шинэ Үндсэн хуулиа хэдхэн сарын дараа өлгийдөн авах нь. Үндсэн хуулийн төслийг УИХ-аар гурван шатны хэлэлцүүлэг явуулж, эцсийн шийдвэр гартал УИХ өөр асуудал хэлэлцэхгүйгээр хэлэлцүүлгийг тасралтгүй явуулдаг журамтай билээ.
Улс төрийн намууд санхүүжилтээ 100 хувь төрөөс авах боломж
Гурван сая гаруй хүн амтай ч гуч орчим улс төрийн намтай манай улсад намуудын үйл ажиллагааг сайжруулж, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх шаардлага үүссэнийг үе үеийн улс төрчид хэлдэг.
Тиймээс УИХ-аас Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр бэлтгэж буй. Ингэхдээ сонгуулийн үед идэвхжиж, бусад үед сураггүй болдог жижиг намуудад ч ээлтэй байхаар хуулийн төслийг боловсруулсан гэнэ. Тухайлбал, уг хуулийн төсөлд УИХ-д суудалгүй ч бусад сонгуульд амжилттай оролцсон намуудад санхүүжилтийг нь 100 хувь төрөөс олгох санал оруулж байгаа аж. Гэхдээ намуудад УИХ-ын болон бусад сонгуульд нийт сонгогчдын нэг хувийн санал авах босго тогтоосон байна. Намын санхүүжилтийг одоо үйлчилж байгаа хуулиар гишүүд, дэмжигчдийн хандив, хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болон төрийн санхүүжилтээс бүрдүүлдэг. Хэрвээ төрөөс санхүүжүүлдэг болбол намууд идэвхжихийн зэрэгцээ, тэднээс хариуцлага нэхэх боломж нээгдэнэ гэдгийг хуулийн төсөл боловсруулж буй ажлын хэсгийнхэн хэлсэн юм. Харин намуудад ийм боломж олгохын зэрэгцээ санхүүжилтийг нь шилэн болгож, санхүүгийн тайлангаа хугацаандаа өгөөгүй бол татан буулгах арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ. Хуулийн төслийн өөр нэг өөрчлөлт нь бодлогын намыг төлөвшүүлэх үүднээс удирдлагуудын саналаар биш, иргэд, намын гишүүдийн саналаар сонгуульд нэр дэвшүүлэх тогтолцоог хуульчлах аж. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдээ удирдлага нь бус жирийн гишүүдийн саналаар тодруулах гэнэ.
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах уу?
Нийслэлийн “Үндсэн хууль” гэгдэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч батлаагүй. Тус хуулийг анх 23 жилийн өмнө баталсан бөгөөд энэ хугацаанд хотын үйл ажиллагаа жигдэрч, эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд тодорхой хэмжээнд өргөжин хөгжиж ирсэн.
Тухайлбал, хотын хүн амын тоо 1.3 саяд хүрч, үүнээс хөдөлмөрийн насны хүн ам 980 мянга орчим бөгөөд нийслэлийн ДНБ-ий хэмжээ 14.8 тэрбум төгрөгт хүрсэн нь манай улсын ДНБ-ий 64.5 хувьтай тэнцсэн гэдэг. Гэсэн ч хүн амын хэт төвлөрөл нь хот байгуулалт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Тиймээс төрөөс оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учир уг хуулийн төслийг боловсруулсан талаар төсөл санаачлагчид онцолж буй.
Энэхүү хуулийн төслийн томоохон өөрчлөлт нь нийслэл санхүүгийн хувьд бие даасан хараат бус хот болох бөгөөд өөрийн хөрөнгөөр тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломжтой болох юм. Мөн хуулийн төсөлд нийслэлийг бүсчилж хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр дүүргийг салгах, дагуул хот бий болгох зэргийг төсөлд тусгажээ. Ингэхдээ дагуул хотод барьж, ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөхийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, дагуул хот, дэд төвүүдэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн албан татварыгхенгөлех, дагуул хотын оршин суугч, иргэдийн албан татварыг тодорхой хугацаанд 50 хувиар хенгөлөх зэрэг эдийн засгийн хөшүүрэг ашиглахаар төлөвлөсөн байна. Мөн импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах төсөл арга хэмжээг дэмжих, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах арга хэмжээний зохицуулалтыг нарийвчлах, иргэдийн эрүүл мэндэд тустай агаар шүүгч зэрэг төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Мөн нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд хуулийн төсөлд Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч гэсэн статусыг салгах, алслагдсан дүүргүүдийг хот болгож, нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр санал оруулсан байдаг. Харин эдгээр санал, шийдлүүдийг хуулийн төсөлд тусгах эсэх, төслийг ямар зохицуулалттай батлахыг зөвхөн УИХ шийдэх бөгөөд уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулиудыг баталсны дараа хэлэлцэх бололтой.
Ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулах хуулийн төсөл
Ус бохирдуулсны тухай хуулийг анх 2012 онд баталсан ч дагалдах журам батлаагүйгээс өдийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй. Үүнээс шалтгаалж улсын төсөвт 54 тэрбум төгрөг төвлөрүүлж чадаагүй байна. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх үүднээс тус хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсныг холбогдох албаныхан хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан юм.
Тус хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүйн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулах заалт оруулсан байна. Үүнээс гадна төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож, хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхүйц зохицуулалт тусгаж байгааг хууль санаачлагчид хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм.
Эдгээр томоохон хуулийн төслийг УИХ ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр болсон бөгөөд хэрхэн өөрчилж, ямар зохицуулалт оруулахыг хүлээх л үлдлээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
|