ХЗБХ: Ялтан шилжүүлэх тухай улс хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ

2018 оны 10 сарын 10

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.10) хуралдаан 11 цаг 12 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. 

    Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтуудтай холбоотой гомдол, санал олон ирж байгаа талаар хэлэв. Эл хуулийн зохицуулалтыг нягтлан, өөрчлөлт оруулах асуудлын талаарх түүний саналыг дэмжиж буйгаа УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлт, ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийн дагуу УИХ-ын түр хороо байгуулах асуудлын талаар тодрууллаа.

    Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаарх маш олон тооны санал гомдол ирсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ чиглэлээр судалгаа хийж, төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад ажиллуулж байгаагаа Ц.Нямдорж сайд танилцууллаа. Тус ажлын хэсэг эхний хувилбараар төсөл боловсруулан шат шатны хэлэлцүүлэг хийж, холбогдох газруудаас санал авснаа нэгтгэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн байна. Ажлын хэсгээс ирүүлсэн төсөлтэй нэгбүрчлэн танилцсаны эцэст УИХ, Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байгаагаа тэрбээр хэлэв. 

    Хуралдаанаар үргэлжлүүлэн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.  

    Монгол Улсын гадаад харилцаа тэлэхийн хэрээр иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж хилийн чанад дахь өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт этгээд түүнчлэн ялтан шилжүүлэх зэрэг асуудлаар олон улсын эрх зүйн салбарт хамтын ажиллагаа өргөжсөөр байгааг танилцуулгын эхэнд тэмдэглэв. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь хоёр талын гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс нь гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 5 гэрээ, мөн ялтан шилжлүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээг байгуулсан байдаг аж. Одоогийн байдлаар “Ялтан шилжлүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа бол “Ялтан шилжлүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг сайд танилцуулсан. Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулсан. Танилцуулж буй хэлэлцээрийн төсөл нь харилцах төв байгууллагууд, ялтан шилжлүүлэх хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг асуудлыг тусгасан 19 зүйлтэй юм байна. 

    Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, С.Эрдэнэ нар асуулт асууж, тодруулга хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд шүүхээр шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа иргэдийг харилцан шилжүүлэх асуудлыг тэгш эрхийн зарчмаар шийдвэрлэнэ гэдгийг Ц.Нямдорж сайд тайлбарлаад ялтан шилжлүүлэх ажлын явц урт хугацаанд үргэлжилдэг онцлогтойг хэлэв. Ял эдэлж буй иргэнийг шилжүүлэх эсэхийг тухайн улс бие даан шийдвэрлэдэг гэлээ. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 174 монгол иргэн тухайн улсынхаа шүүхийн шийдвэрээр ял эдэж байгаа бол гадаадын 19 иргэн шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсад хорих ял эдэлж байгаа аж.  Үүнээс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хоёр иргэн манай улсад ял эдэлж байгаа бол тус улсад хорих ял эдэлж байгаа монгол иргэн байхгүй гэв. Гэхдээ тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд дээрх төрлийн хэлэлцээрийг улс орнуудтай байгуулах нь монгол иргэдийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо. 

    Хэлэлцээрийг зөвшилцөх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь танилцууллаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй саналыг санал хураалт явуулах журмын дагуу багцлан зарчмын зөрүүтэй 8, найруулгын 4, дагалдах хуулийн төслийн талаар 1 саналын томьёоллыг бэлтгэжээ. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Гарамжав нь асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Одоо хэрэгжиж буй хуулиар албадан хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг тусгасан байдаг ба энэ нь манай улсын нэгдсэн орсон олон улсын холбогдох конвенцид нийцдэггүй болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэллээ. Тиймээс төсөлд энэ төрлийн зохицуулалтыг тусгаагүй байна. Төсөлд Эрүүл мэндийн яамны хүлээх хариуцлагын талаарх зохицуулалтуудыг илүү нарийвчлан тодорхой тусгасан. Одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд мансуурах донтой эдгээдийг албадан эмчилгээнд хамруулаад л өнгөрдөг бол төсөлд эмчилгээний дараа бататган хянах, ажил мэргэжил эзэмшүүлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх асуудлыг дэмжих зэрэг асуудлыг холбогдох газрууд хамтран зохион байгуулах зохицуулалтыг тусгажээ. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 120 орчим сая төгрөгийн төсөв шаардагдах бөгөөд төслийг өргөн мэдүүлэхийн өмнө уг асуудлаар Сангийн яамтай зөвшилцсөн гэлээ. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн талаарх тоон мэдээллийг СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл танилцууллаа. 1990 онд улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр эмчилгээ үзүүлэх орны тоо 1380 байсан нь буурсаар өнөөдрийн байдлаар СЭМҮТ 550 ортойгоор эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Аймаг тус бүрт байсан 50 ортой дундын диспансеруудыг цомхотгон, зарим аймагт 6 ортой болгоод байгаа гэв. 

    Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-тэй хэлэлцэж буй төслийг нийцүүлсэн эсэхийг нягтлах, төсөл дэх нэр томьёог тодорхой томьёолох шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

    Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар ОУПХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийн дагуу түр хороо байгуулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэх горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595825
0 эможи

keyboard_arrow_up