Засгийн газар 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
Засгийн газраас 2019 оны төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьд байхаар тооцож Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барилаа.
Ирэх онд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувь, зарлагыг 11.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь байхаар тооцоолжээ. Энэ нь 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлээс орлогыг 800 орчим тэрбум төгрөгөөр, зардлыг 600 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн үзүүлэлт болж байна. Харин төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 6.1 хувиас бууруулж, 5.4 хувь байхаар тооцсон нь 1.9 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл алдагдал өндөр байгааг “Bloomberg”-ийн эдийн засагчдын клубийн шинжээчид онцолж байсан юм.
Ирэх оны төсөвт “Ирээдүйн өв сан”-д 553 тэрбум гаруй төгрөг, цаашид жил бүр нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсөн нь байгалийн баялгийн орлогоор хуримтлал үүсгэх шийдвэр болж байна. Мөн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг ирэх онд найман хувьд хүргэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж мэдээллээ.