Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд УИХ-ын дарга үг хэлэв
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм.
Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах зэрэг тулгамдсан асуудлаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Улсын зөвлөгөөнд оролцогчид, хүндэт зочид оо!
Хатагтай ноёд оо,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Та бүхэн улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг төрийн албыг төлөвшүүлэх нэн чухал асуудлыг хэлэлцэн зөвшилцөхөөр энэхүү танхимд хуран цуглаад байна.
Монголын ард түмэн төрөөс, төрийн албан хаагчид Та биднээс шударга ёс, хууль дээдлэх зарчим, сахилга хариуцлага, ёс зүйг нэлээд нэхэл хатуу шаардаж байгаа. ЭНЭ ШААРДЛАГА бодит нөхцөлөөс, шалтгаант үр дагавраас урган гарч байгаа учраас ЗҮЙ ЁСНЫХ юм.
Эрх зүйт төрийг жинхэнэ ёсоор төлөвшүүлэх, төрийн албыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой, залгамж чанартай, мэргэшсэн болгох талаар сүүлийн 20 гаруй жилийн турш бид ярилаа.
Манай үе үеийн парламент монгол төрийн албыг шинэтгэх зарчим, бодлогыг боловсруулж, хуульчилсаар ирсэн. Тухайлбал, "Төрийн албаны тухай" анхны хуулийг 1994 онд баталж, 1995 оны 6-р сарын 1-нээс мөрдүүлсэн. "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинэтгэлийн талаар баримтлах бодлого"-ыг 1996 онд баталсан.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай үзэл баримтлалыг шингээсэн хуулийн шинэчилсэн найруулгыг 2002 онд, "Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги"-ийг 2004 онд батлан мөрдүүлсэн.
2004-2008 оны парламент “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч намын харьяалалгүй байх нэн чухал зарчмыг тусгасан.
Харамсалтай нь эдгээр хуулийн үзэл санаа, шинэчлэлийн бодлого тууштай хэрэгжиж, үр дүнд хүрэхгүй, хууль зөрчих, дураар авирлах явдал үргэлжилсээр ирснийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн алба олон жилийн турш улстөржилтийн талбар болов. Бүтцийн өөрчлөлт, баг бүрдүүлэх нэрийдлээр халаа, сэлгээ хийж, хууль, дүрэм, стандартыг төр, засгийн байгууллагууд өөрсдөө мөрдөхгүй байгаагаас төрийн алба тогтвортой, залгамж чанартай байх зарчим алдагдаж, төрийн хүний нөөцийн чадавхи буурчээ.
“ТӨР БОЛ ХУУЛЬ ЮМ” ГЭСЭН ҮГ байдаг. Төрд зөвхөн хууль засаглаж байх ёстой. Гэвч энэ чухал зарчим хөсөр хаягдсаар байна.
Төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд 2015 онд 626, 2016 онд 630, 2017 онд 514 гомдол маргаан ирүүлсэн нь ажлын өдөр бүр 2 гомдол ирж байна гэсэн үг. Энэ нь төрийн удирдах албан тушаалтнуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрт ихээхэн хуудуу байгааг харуулж байгаа хэрэг.
Хууль журам, хууль ёсны эрх бүхий байгууллагыг үл тоомсорлох байдал газар авчээ. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилоод, ажиллуулж байна.
Нөгөө талаар төрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадварт онцгой анхаарахгүй бол болохгүй болж. Гэмт хэрэг үйлдсэн, албан үүрэгтээ тэнцэхгүй байгаа, хууль зөрчсөн гэх мэт шалтгаанаар 2017 онд 320 албан хаагч ажлаасаа халагдсан байна. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдлын талаар холбогдох байгууллагуудад ирүүлдэг иргэдийн гомдол буурахгүй байна.
Энэ мэт олон шалтгаанаас улбаалан монгол төрийн тогтвортой байдал алдагдахад хүрч болзошгүй болжээ. Төр нь тогтворгүй болохоор албан хаагч нь мэргэшиж чадахгүй байна. Мэргэшсэн албан хаагч ховордсоноос төрийн дархлаа суларлаа. Энэ бол энгийн хийгээд гарцаагүй үнэн. Төрийн алба шударга бус, тогтворгүй, дархлаагүй байгаа цагт бүтээсэн нийгмийн баялаг үрэн таран болдог, иргэдийн амьдралд олигтой өөрчлөлт гардаггүй, эцэст нь бухимдал дургүйцэл улам газар авдгийг дэлхийн зарим улс орнуудад тохиосон сургамжаас бид мэднэ. Төрийн алба нь чадавхитай, дархлаатай, тогтвортой улс орнуудад л нийгмийн хөгжил дэвшил, ард нийтийн амьдралын чанар, хүний хөгжлийн зам нээгддэгийг бид бас гадарлана.
Тиймээс төрийн албаны шинэчлэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын индрээс миний бие нэг бус удаа анхааруулж хэлснийг Та бүхэн санаж байгаа байх.
Улмаар бид 2017 оны намрын чуулганаараа "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталсан. Ингэснээр төрийн албаны шинэчлэлийн шинэ үеийг эхлүүлэх томоохон алхам хийж чадсан гэж үзэж байна.
Одоо энэ хуулийн үзэл санааг шинэ агуулгаар нь, мөн чанараар нь ойлгож, Монголын ирээдүйд нөлөөлөх ач холбогдлыг нь ухамсарлаж, хэрэгжүүлэх нь Та бүхний, нийт төрийн албан хаагчдын, иргэн бүхний журамт үүрэг мөн.
Төрийн албанд шатлан дэвших зарчмыг ягштал баримтлах, тохиолдлын томилгоо хийх нүх сүвийг хаах, нэгэнт шалгагдаж орсон ажилтныг мэргэшүүлэн тогтвортой ажиллуулах, Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг хориглох, хариуцлагыг чангатгахад чиглэгдсэн энэ удаагийн эрх зүйн шинэчлэл бол улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Төрийн албаны шинэчлэл хэрэгжихэд улс төрийн намууд тууштай дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэж үзэж байна. Улс төрийн намууд төрийн албанд намын болон бусад ашиг сонирхлын үүднээс нөлөөлөх явдлыг бүрмөсөн таслан зогсоох нь энэ дэмжлэгийн бодит илэрхийлэл болно.
Хуулийг дагалдан гарах журмуудыг батлах асуудал Улсын Их Хурлын намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан. Эдгээр эрх зүйн актуудыг чамбай боловсруулж, цаг алдалгүй батлуулахад холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй. Хуульд тусгасан төрийн албан хаагчийг давтан сургах сургалтын байгууллагын асуудлыг яаралтай шийдвэрлэж, сургалтын хөтөлбөрийг төрийн албаны амьдрал, үйл ажиллагаанд сайтар нийцүүлж боловсруулах шаардлагатай гэдгийг сануулж хэлье.
Улсын Их Хурал төрийн байгууллагын чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжих бодлого баримталж байгаа.
Тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар Сум, дүүргийн Засаг дарга нь ЕБС-ийнхаа захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нь нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын орон нутаг дахь удирдах ажилтнуудыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар хуулиудыг өөрчилсөн.
Ингэснээр орон нутгийн байгууллагын удирдлагын томилгоонд хөндлөнгөөс оролцох, улс төрийн шалгуураар хандах ёс бус байдлыг халах, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Төрийн албаны шинэчлэлийн цаана хүн л байх учраас юун түрүүнд төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийн агуулгатайгаа хөл нийлүүлэх ёстой. Энд удирдлагын манлайлал, үлгэр дуурайл шийдвэрлэх ач холбогдолтойг битгий мартаарай.
Манай төрийн албанд 192.5 мянган алба хаагч ажиллаж байгаа. ТӨР БОЛ ямар нэг байшин барилга, эсвэл аппарат хэрэгсэл биш, ердөө л төрийн нэрийн өмнөөс ажил алба эрхэлж, иргэддээ үйлчилгээ үзүүлж буй ХҮМҮҮС ЮМ. Тиймээс монгол төрийг би төлөөлж байгаа гэдгээ төрийн албан хаагч бүхэн ухамсарлан ойлгож, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл Та бүхнээс төрийн албаны шинэчлэлийн хувь заяа ихээхэн хэмжээгээр шалтгаална гэдгийг зориуд сануулъя. Түүнчлэн аливаа талцал, намчирхлаас ангид байж, эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын зөвшилцөл, хүлээцийг эрхэмлэж ажиллахыг захья.
Төрийн албаны шинэчлэлээс улсын хөгжил, хэтийн ирээдүй шалтгаалах учраас Та бүхэн амин чухал энэ асуудлыг нухацтай ярилцаж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газарт талархал илэрхийлж, Улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт, Та бүхэнд сайн сайхныг ерөөе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Эх сурвалж: WWW.PARLIAMENT.MN