Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

2018 оны 8 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулан, хэрэгжүүлж байгаа.  

 Үүнтэй холбоотойгоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2018.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв.

Одоогоор Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж ажилласны дүнд Оросын Холбооны Улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, Бүгд Найрамдах Унгар Улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авч, Бүгд Найрамдах Солонгос Улсад тэтгэврийн даатгал давхар төлөхгүй ажиллаж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын /2016 оны 11-р сарын/ судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсад байгаа нийт 939 монгол иргэнээс  дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч, ажиллаж байгаа бөгөөд үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар манай иргэд Бүгд Найрамдах Польш Улсад оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг тус улсын хуулийн дагуу авч байна. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байна.

Хуулийн төсөлд нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зэрэг үндсэн зарчмуудыг тусгажээ.

Уг хэлэлцээр батлагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй байх эсвэл маш  бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудлыг шийдвэрлэх юм. Монгол Улсын иргэдийн Бүгд Найрамдах Польш Улсад ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна гэж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593816
0 эможи

keyboard_arrow_up