Ээлжит бус чуулганд эрх баригчдын “зодоон”-оос ч чухал даалгавар бий
“Оюутолгой”-н шалгалтын дүнг эхлээд УИХ-д танилцуулна
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг өнгөрсөн даваа гарагт зарлах тухай албан бичгийг УИХ-ын даргад илгээгээд долоо, санал болгосон хугацаа нь хэтрээд гурав хонож байна. Гэвч ээлжит бус чуулганыг зарласангүй, зарлах эсэх нь тодорхойгүй хэвээр. УИХ-ын даргын эс үйлдлээрээ үзүүлсэн энэхүү эсэргүүцэл үндсэн хуулийн зөрчлийг бий болгосон гэж үзэх улстөрчид байна. Монгол улсын үндсэн хуульд “Улсын их хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, улсын их хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” хэмээн заасан байдаг. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад илгээсэн бичигт “...2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр улсын их хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах санал хүргүүлж байна...” гэж бий. Нэгэнт тодорхой хугацаа заасан албан бичгийг хууль ёсны санал биш гэх үндэсгүй юм. УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар “Хуулийн хугацаагаар бол УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлах ёстой. Гэтэл зарласангүй. Ингэснээрээ үндсэн хуулийн зөрчил үүсээд нэлээн хэд хоночихлоо. Үндсэн хуулийн зөрчил үүснэ гэдэг ноцтой асуудал.
Тиймээс энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдах байх гэж хүлээж байна” хэмээв. Мөн УИХ дахь олонхийн бүлгийн 25 гишүүний дэмжлэгтэйгээр ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийх санал ч бий. Ийнхүү улс төр “унтахгүй”, УИХ завсарлахгүй байх шалтгаан нь засгийн эрхийн төлөөх эрх баригч намын дотоод зөрчил, АТГ-ын удирдлагыг өөрчлөх Ерөнхийлөгчийн хүсэл хоёрын уулзвар болоод байна. Тэгэхээр ээлжит бус чуулганы гол “бай” АТГ-ын дарга мэт харагдаж байгаа ч эвгүйтвэл М.Энхболд УИХ-ын даргаас огцрох уу, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа буух уу гэдгийг шийдэх “тулаан” юм. 60 тэрбумын асуудал бол УИХ-ын даргын “эмзэг цэг”, эрхэм Ерөнхийлөгчийн давуу барьц нь үнэн. Гэхдээ ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг зөвхөн дээрх асуудлаар томъёолох нь хэт явцуу. Төрийн албыг наймаалцах сүлжээ бүхий улс төрийн бизнес болгосон бол түүнийг илрүүлж, таслан зогсоох нь хэрэгтэйгээр барах уу, хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ. Гэхдээ түүнээс гадна улс орны нийгэм эдийн засаг, гадаад харилцаа зэрэг олон асуудал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах нөхцөлийг бүрдүүлчихлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын чуулган зарлах хэрэгтэй ч ямар сэдвээр гэдгийг ярих ёстой. Нэг албан тушаалтныг чөлөөлөх, өөрчлөх асуудлаар чуулган зарлах нь зохисгүй.
Ээлжит бус чуулганы гол “бай” АТГ-ын дарга
Харин “Оюутолгой”-н ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар ээлжит бус чуулган яаралтай зарлах хэрэгтэй” хэмээн хэлжээ. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “авлигатай тэмцэх газар, аудитын ерөнхий газрын дүгнэлт хараахан гараагүй тул хүлээж л сууна. Засгийн газраас нэлээд шахаж шаардсаны эцэст дүгнэлтээ ирүүлсэн. Материалтай танилцаж, санаа оноогоо авсан. Шаардлагатай бол бид өөрсдийн дүгнэлтээ шууд танилцуулахад болохгүй зүйл байхгүй. Гэвч УИХ-ын тогтоол, шийдвэр гаргах учраас дээрх байгууллагуудын дүгнэлтийг харгалзах нь зүйтэй. Бидний хувьд санал, дүгнэлт л гаргах болохоос биш эцсийн шийдвэрийг Байнгын хороо улмаар УИХ-аас гаргана” гэв. Өөрөөр хэлбэл, эхлээд парламентад танилцуулсны дараа уг төсөлтэй холбоотой чиглэлийг Засгийн газарт өгөх нь. Түүнээс гадна өнгөрсөн баасан гарагт Турк улсын иргэн Вейсел Акчайг хулгайлах гэсэн оролдлоготой холбоотой хэрэг бол УИХ-ын ээлжит бус чуулганаар зайлшгүй хэлэлцэх асуудал юм. Турк багшийн эрх чөлөөнд халдаж, хад асгатай замаар олон цагийн турш авч давхисан этгээдүүд хэн байв гэхээс илүү энэ хэргийн цаад учрыг олох нь олон улсын өмнө Монголын харагдах өнцөг болчихоод байна. Мөн Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, үндсэн хуулийн зарим заалт, Сонгуулийн тухай хууль, татварын ерөнхий хууль гээд олон асуудалд шинэчлэл, өөрчлөлт хийх ёстой байсан ч хаврын чуулганы хугацаанд УИХ шийдвэр гаргаж амжаагүй. Тиймээс ээлжит бус чуулганыг эрх мэдлийн төлөөх “зодоон”-оос салгаж харах нь зөв юм.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
|