ЗАВСАРЛАГА БА ГИШҮҮД
УИХ-ын хаврын чуулган завсарлаад нэг сарын хугацаа өнгөрч байна.
Зуны налгар өдрүүд, найр наадам эхэлсэн энэ үеийг амралт, зугаалгын цаг гэж харах гишүүд байхад, тойрогтоо ажиллаж, иргэд төлөөлөгчидтэйгөө уулзалт хийх цаг хугацаа хэмээн боломжийг ашиглаж байгаа гишүүд ч байна. Тиймээс намрын чуулган эхлэхэд хоёр cap гаруйн хугацаа дутуу байгаа энэ үед УИХ-ын гишүүд хаана, юу хийж байгаа талаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-Тойрогтоо ажиллаж байгаад саяхан Улаанбаатар хотод ирлээ. Хэд хэдэн хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан учир тэдгээр хуулийн төсөл дээрээ ажиллаж байна. Тухайлбал, Татварын багц хууль, Шинжлэх ухааны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт багтсан. Одоогоор Шинжлэх ухааны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр санал авч байна. Мөн Активын удирдлагын хуулийн төслийг өргөн барих гэж байгаа. Иймэрхүү ажилтай байна.
УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР:
-Энэ сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэл Баянхонгор аймгийн есдүгээр тойргийн зургаан сумын 29 багт “Нэг багт, нэг өдөр" өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр УИХ-аас баталсан хууль, тогтоомжийг танилцуулж, ард иргэдтэйгээ нүүр тулж уулзан, санал хүсэлтийг нь авч байгаа. Мөн УИХ-ын даргаас 40 хоногийн томилолт авсан. Баянхонгор аймгийн нийт сумдын тал хувьд зуншлага хүнд байгаа. Манай тойргийн хувьд зургаан сумын таван суманд зуншлага сайн байна.
УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:
-Би маргааш (өнөөдөр) Орхон аймаг руу явах гэж байна. Булган аймгийн 80 жилийн ой, Даншиг наадам болж байгаатай холбоотойгоор тойрогтоо очиж, иргэд сонгогчидтойгоо уулзана. Мөн тойргийнхоо нэгдүгээр сургуулийг өргөтгөх барилгын ажлыг гурван тэрбум төгрөгөөр хийлгэж байгаа. Энэ ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах бодолтой байна.
УИХ-ын гишүүн М.БИЛЭГТ:
-Хавдрын эмнэлэг барих ажил дээр ажиллаад завгүй байна. Энэ ажлыг 10 гаруй жил бодож, төлөвлөсөн. Тиймээс чуулган завсарласан энэ үеийг ашиглаад барилгын ажлыг нь дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр зорьж байна. Уг нь энэ олон түмэнд их хэрэгтэй ажил байгаа юм. Тиймээс санаачилсан ажлаа дуусгахын төлөө ажиллаж байна. Тойрогтоо ирэх сард очиж, иргэдтэйгээ уулзана. Үүндээ бас бэлтгэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.ТЭРБИШДАГВА:
-Чуулган завсарлахаар хүмүүс "Сайхан амарч байна уу” гэж ярьдаг. Миний хувьд амралт биш чуулганы завсарлагаан гэж ярих дуртай. Чуулганы завсарлагаанаар гишүүд амраад явчихдаг. Мэдээж тодорхой хэмжээний амралтын хугацааг өөртөө зориулах байх. Гэхдээ энэ хугацаанд ажлаа ч гэсэн хийх ёстой. УИХ-ын гишүүний үүрэг нь тойрогтоо ажиллахаас гадна улсын хэмжээний бодлогын ажил хийх нь зөв юм. Тиймээс би Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээ ажиллуулж байгаа.