Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

2018 оны 7 сарын 25

Чуулган зарлах эсэхийг Хууль зүйн байнгын хороо шийднэ Arslan.mn

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийг толилуулж байна. 


Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг цахим сүлжээнд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн ой санамжийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хуулийг шинэчлэн найруулав.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ нь 5 бүлэг, 24 зүйлтэй, хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Тус хуультай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол баталсан.

Хуулийн зорилт нь улсын бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулна.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д дараах зарчмын шинжтэй шинэ зохицуулалтыг нэмж тусгалаа. Үүнд:

Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох, нарийвчлан тодорхойлох үүднээс хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгон орууллаа.

Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх, түүнийг ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор иргэний үнэмлэхийн санах ойд иргэний хувийн мэдээллийг тэмдэглэж болох бөгөөд түүнд тусгах мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална.

Хуульд бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэхээр тусгалаа.

Бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгаж, хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийн зорилго, улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим нь төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагаанд нэгэн адил үйлчлэхээр заасан. Мөн бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхөд аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах, өөр хоорондоо уялдаатай нэгдсэн арга зүйтэй байхаар хуульчлав.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ. Бүртгэлийн зарим үйлчилгээг цахимаар үзүүлэх, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгох бөгөөд энэ нь эх нотлох баримт бичгийн нэгэн адил хүчинтэй байхаар хуульд тусгасан болно.

Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, оруулах, сангийн хадгалалт, хамгаалалт, мэдээлэл, технологийн асуудал хариуцсан нэгжийн эрх, үүрэг, иргэн, хуулийн этгээдэд тус сангаас ашиглуулах мэдээллийн төрлийг тогтоох асуудлыг зохицуулж, дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн мэдээллийн санг хадгалуулах, төвөөр дамжуулан мэдээллийг бусад байгууллагатай солилцох боломжийг бүрдүүлсэн.

Хуулийн дагаж мөрдөх журмын хуулиар дундын мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл солилцохтой холбогдсон ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг Засгийн газар хариуцан зохион байгуулахаар зохицуулав.

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх бөгөөд хязгаартай өгөх мэдээллийг тухайн иргэний зөвшөөрлийн дагуу үнэ төлбөртэйгөөр, мөн хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтанд иргэний зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүй олгоно.

Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөхдөө хуульд заасан нээлттэй, хаалттай мэдээллээс бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.

Нотариатч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний хэргийн шүүх, арбитрт гомдол, нэхэмжлэл гаргах, хаягийн мэдээллийг авах зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх эрх авч болно.

Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын консулын ажилтнаас бүрдэнэ.

Хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагч, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нь эрх зүйч мэргэжилтэй, харин иргэний улсын бүртгэгчээр дээд боловсролтой иргэнийг ажиллуулна.

Улсын бүртгэлийн байгууллагын дарга дээрх улсын байцаагч, улсын бүртгэгчийг томилж, чөлөөлөх бөгөөд Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар улсын бүртгэгчийг 5 жилийн хугацаанд багтаан эрх зүйч мэргэжилтэй болгох зохицуулалтыг тусгасан.

Хууль батлагдсанаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулснаар мэдээллийн аюулгүй байдал сайжирч, иргэд шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах боломж бүрдлээ.

 Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг бэхжүүлэх, улсын байцаагчийн эрх, үүргийн суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэж, хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, нээлттэй, ил тод болгосноор иргэд цахим хэлбэрээр түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ авах боломж бүрдэж, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг гэмт хэрэг гарах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Түүнчлэн “Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд 2019 онд багтаан өргөн мэдүүлэх, төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдлийг хамгаалах, цахим засгийг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг судалж танилцуулах, багц хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн болно.

Эх сурвалж: news.mn   Гэрэл зургийг: MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593120
0 эможи

keyboard_arrow_up