Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл дэмжигдсэнгүй

2018 оны 6 сарын 29

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Ч.Булгамаа танилцуулсан юм. 

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан,  стратегийн ач холбогдол бүхий ач холбогдол ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасанбайна. 

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй, улмаар гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх талаар төрөөс тавьсан зорилт хангагдах ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгны хороо энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Н.Амарзаяа нар Ерөнхийлөгчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нар төслийн үзэл санаа нь зөв хэдий ч гаргалгаа нь буруу байна, мөнгөний бодлогыг бизнесийн үйл ажиллагаатай хутгалдуулж болохгүй, ийм хууль батлагдвал хоёр тогтолцоот банкны систем нурахад хүрнэ, цаашлаад валютын ханшид сөргөөр нөлөөлнө, арай ядан бий болж байгаа эдийн засгийн өсөлт, сэргэж ядаж байгаа хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүрнэ, үүний оронд өргөн баригдаад хоёр жил болж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг баталчихвал асуудал аяндаа шийдэгдэх гарц байгааг эргэж харах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Пүрэвдорж, Я.Санжямтав нар хуулийн төслийг хэлэлцэж батлах шаардлагатай, иймээс Засгийн газар гаргалгааг нь хайж, дэмжиж ажиллах нь чухал байна гэсэн санал хэлсэн юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувь нь дэмжээгүй тул хуулийг төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59105
0 эможи

keyboard_arrow_up