Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Япон Улсын Такацаму Их сургуулийн профессор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Япон Улсын Такацаму Их сургуулийн профессор Шигэфүми Маруяма тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.07.09/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, уулзалтын эхэнд зочид төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Япон Улс бол Монгол Улсын томоохон түнш орны нэг гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн Япон Улсын бизнесийн төлөөллүүдтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол улс сүүлийн жилүүдэд Япон Улстай оюуны хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтран ажиллаж, монгол оюутнуудыг Япон Улсад инженер, техникийн чиглэлээр олноор нь суралцуулахыг зорьж байгааг дуулгасан юм.
Тэрээр саяхан УИХ-аар Монгол Улсаас Япон улсад инженер, технологийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан тухай танилцуулаад 1000 инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэхэд Япон Улсын талаас 75 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр болсонд талархаж байгаагаа дуулгасан юм. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаад баяртай байдгаа хэллээ. Ноён Шигэфүми Маруяма Япон Улсын мэргэжлийн инженерүүд эрт дээр үеэс Монгол инженерүүдтэй холбоотой, хамтран ажиллаж ирснийг дуулгаад хамт яваа бизнесийн төлөөллөө танилцуулав. Тэрээр инженерүүдийн хамтын ажиллагааг бизнес болгохоор зорин ажиллаж байгааг хэлээд тийм ч учраас энэ удаад барилгын компани, худалдааны компани, үйлдвэрлэлийн компани, технологич зэрэг хүмүүстэй хамт явж буйгаа хэллээ. Ноён Шигэфүми Маруяма ярианыхаа төгсгөлд бидний амжилт бол хоорондоо ашигтай мэдээллээ солилцож, улс орноо хөгжүүлэх зорилготой ажилладаг гэдгийг хэлээд өөрийн улсад менежментийн чиглэлээр монгол оюутнуудыг олноор нь суралцуулахыг хүсэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар уулзалтын төгсгөлд бидэнд хамтран ажиллах олон боломж бий гэдгийг онцлоод говийн нэгэн иргэн ингэний сүүг дэлхийн зах зээлд гаргах, монгол чацарганыг брэнд болгох чиглэлээр ажиллах зэрэг олон боломж байгаа талаар хэллээ.