Зээлийн хүүг дунд хугацаанд долоон нэгжээр бууруулна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан, Зээлийн хүүг хязгаарлах, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэж байна.
Монгол банкны дэд захирал Б.Лхагвасүрэн “Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан. Үйл ажиллагааны төлөвлөгөөг удахгүй батлан, хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр 3-5 жилд зээлийн хүүг 7 нэгжээр бууруулна” гэв.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар багтдаг юм.
Хуулийн төслийг санаачлагч С.Эрдэнэ “Банкууд 28 жилийн турш хяналтгүй явж ирлээ. Хуулийн төслийг мэргэжлийн хүмүүс боловсруулсан. Хөрөнгөтнүүдийн эрх ашгийг хамгаалах гэж хуулийн төслийг оруулж ирээгүй. Н.Учрал гэх мэт олон тэрбум төгрөгийн хадгаламжтай гишүүдийн эрх ашгийг хөндөх учраас поп улс төрийн дүр эсгэж байна. Манай эдийн засагт хэрэглэж буй нийт мөнгөний 90 хувь нь арилжааны 14 банканд төвлөрсөн. Хөрөнгийн зах зээл рүү мөнгө урсахгүй байна. Н.Учрал боловсрол өндөртэй хүн байж үүнийг ойлгохгүй байгаад гайхаж, ичиж байна. ” гэсэн юм.
Зээлийн хүүгийн бүтцийг харвал хүүгийн зардал нь
- Хадгаламжийн хүү,
- Банкны үйл ажиллагааны зардал,
- Эрсдэлийн нэмэгдэлд үндэслэн тогтдог.
“Сүүлийн жилүүдэд хадгаламж өссөн ч хүү нь буурахгүй байна. Нийт хадгаламж эзэмшигчдийн 0.15 хувь нь 100 сая болон түнээс дээш төгрөгийн хадгаламжтай. Тэгэхээр мөнгө хүүлэлт байна” гэж хууль санаачлагчид тайлбарлав.
Нийт зээлийн 86 хувь буюу 11 их наяд төгрөгийн зээл хэвийн байна. Үлдсэн нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл болжээ. Энэ нь банкуудад дарамт болж, зээлийн хүү өндөр байхад нөлөөлдөг аж. Жилийн 20-иос дээш хувийн зээлийн хүүтэй улс дэлхийд их цөөн байдгийн нэг нь Монгол гэдгийг ч онцоллоо.
Банкууд 252 тэрбум төгрөгийг ашигтай ажилласан. Өөрийн хөрөнгө нь 2.7 их наяд төгрөгт хүрсэн байгаа аж.
Монгол банкны дэд захирал Б.Лхагвасүрэн: Энэ хуулийг батлах шаардлагагүй. Одоо зээлийн дундаж хүү 17.4 хувь болж, өмнөх оноос буурсан. Үүнд тэтгэврийн зээл жилийн 12 хувь болж буурсан нь нөлөөлсөн.
Энэ хуулийг баталснаар дараах сөрөг үр дагавар гарч болзошгүй. Банкуудын мэдээлэл одоо ил байгаа ч далд хэлбэрт шилжиж болзошгүй. Захиргаадалтын арга богино хугацаанд үр дүн өгөх ч урт хугацаанд тогтолцоонд сөргөөр нөлөөлнө. Иймд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох шаардлагагүй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Банкуудад мөнгө хүүлэлт байгаа нь үнэн. Ипотекийн зээл авсан иргэд мөнгөө төлөөд байхад л зээлийн хүүнд суутгаад, үндсэн төлбөр нь буурахгүй байна.
Эх сурвалж: GOGO.MN
|